images

С.Зоригийг түүний сүүдэр л хамгаалж байна


Японы зохиолч эмэгтэй Күдо Миёко 1990 онд Монголд ирж, Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригтой нүүр тулан уулзсан тухайгаа ийн дурсжээ.

   “... Хажууханд танил царай харагдах нь тэр. Нүүрээ нууж байгаа юм шиг хүзүүний ороолтоор ам хамраа ороосон Санжаасүрэнгийн Зориг харагдав. Жирийн л залуу. Гаднах төрхөөс нь харахад найрсаг үг яриатай, царайлаг гэж хэлэхээргүй. Гэхдээ өөртөө ухаалаг байдлыг шингээсэн байв. Овсгоотой гялалзуур биш ч өөртөө бат итгэлтэй. Тэр номхон хүлцэнгүй, дуулгавартай нэгэн лав биш. Ямар ч байсан түүний сэтгэл булаах гойд зүйлгүй байдал нь надад аятайхан санагдав. Түүний энэ байдал миний баримтат зохиолд амт оруулах гол хачир болно гэж урам авлаа. Түүний урдуур хойгуур нь Ардчилсан холбооныхон тойрч зогссон байна. Тэгснээ С.Зоригийн бараа харагдахгүй болчихов. Би түүнийг хаана байгааг олох гэж нүдээрээ хайж зогстол хүмүүс бөөгнөрөөд явчихлаа. Тэр бөөгнөрлийн голд С.Зориг зогсож байв. “Үгүй энэ чинь бага ч гэсэн хамгаалалт байдаггүй юм байх даа” гэж бодогдоно. Түүн дээр очлоо. Тэрбээр өмнөх шигээ эелдгээр мэндчилж байна. Энэ хүн юу бодож явдаг юм бол доо? Өнөөдөр бол миний хувьд С.Зоригийн дотоод ертөнц рүү өнгийх, дотор санааг нь мэдэж авах сүүлчийн боломж байж магадгүй. Яахлаараа би энэ залуугийн дотоод ертөнц рүү орох гэж зүтгээд байдаг билээ? Ёстой чөтгөр бүү мэд. Соронз мэт татах хүч намайг алс холын Монголд түлхсээр ирүүлсэн. С.Зоригтой ярилцаж байхад миний амнаас санаадгүй дараах асуулт гарч орхив.  

- Таныг эдийн засгийн онолыг тун сайн мэддэг гэх боловч хөшигний ард доктор Нэргүй байгаа гэж шүүмжилцгээх юм? Санаандгүй ийм хачин асуулт тавьсандаа санаа зовсхийж байтал С.Зориг асуултад минь эгдүүцсэн янзтай:

- Тэр хүн бол миний ард биш миний өмнө байгаа юм. Түүнгүйгээр Монголын эдийн засаг, шинэчлэлийг төсөөлөх аргагүй гэж ер бусын ширүүн царайтай хариуллаа.

- Би доктор Нэргүйтэй уулзмаар байна?

- Энэ чинь харин бүтэхгүй ээ. Тэр олны өмнө ил гарахгүй, чөлөөтэй явахгүй байгаа.

- Амь насанд нь халгаатай учраас уу?

- Тийм ээ, тэгж хэлж болох байх.

- Тэгж ярих юм бол та өөрөө яах болж байна? Ийм газар ингээд зогсож байж болж байгаа юм уу? Зүгээр үү?

   С.Зориг миний асуултад хариулж байхад дэргэд нь бидний ярианд чих тавин зогссон хамтран зүтгэгчийн нэг нь зэрэгцээд ярьж гарлаа. Тэрбээр “Манай энэ хүний байдал аюултай болчихоод байна. Энэ сүүдэр л түүнийг хамгаалж байгаа юм аа” гээд хөлд нь туссан С.Зоригийн сүүдрийг заалаа. Энэ нь С.Зоригийг хэн ч хамгаалдаггүй гэсэн үг байв. Тэгээд С.Зоригийн харц даруй зөөлрөв. Одоо тэр өчүүхэн ч аюулгүй юм шиг харагдана”. 

Күдо Миёко. “Монголыг сэрээсэн ардчиллын салхи” ном. 119-121 дүгээр тал.