images

Уурхайчин Вандан дайнд гавьяа байгуулсан нь


Налайхын нүүрсний уурхайд 1939, 1945 оны дайнд оролцож явсан олон ахмад дайчид ажиллаж байжээ. Тэдний нэг Вандан гэгч уянгын халилтай сайхан ярьдаг хүн байжээ. Түүний ярьсан нь:

   “Манай анги давших команд авчихаад хоноглож байлаа. Маргааш тулалдаанд орно гэхээс сэтгэл хөдлөн нойр хүрэхгүй хэвтэж байснаа бие засаад сайхан унтья гэж бодоод гадаа гарч бие засч байтал толгой дээгүүр онгоц нисэн өнгөрөх маягтай болсонд хажуудаа байсан винтов буугаа шүүрэн аваад хэд хэд буусан чинь нүүрэн дээр бензин ч юм уу, хүний цус ч юмуу шингэн юм дусаагаад нисэн одлоо. Өглөө нойрон дунд жагсах бүрээн дуу тас хийгээд л явчихлаа. Гараад очиход манай ангийнхан бүрэн жагсчихсан, ангийн захирагчийн дэргэд хэдэн том хурандаа зогсч байгаа нь сүртэй гэж жигтэйхэн. Гэтэл манай ангийн захирагчБайлдагч Вандан урагшаа гурав алхаад! гэж команд өглөө. Би юу хийсэн билээ. Урьд шөнө өөрийн талын онгоцоо мэдэлгүй буудаж хэрэг тарьсан юм биш байгаа" гэж муу л юм бодогдлоо. Гэтэл захирагч өндөр дуугаарБайлдагч Вандан урьд шөнө дайсны онгоцыг сөнөөж гавьяа байгууллаа. Ангийн бие бүрэлдэхүүний өмнө баяр хүргэе” гэхэд бүх цэргүүд нэгэн дуугаар “Ура” цуурайтуулахад хоёр нүдийг минь нулимс бүрхээд ирлээ. Тэр гавьяаны учир би маршал Х.Чойбалсангаас шагнал хүртэж, сарын чөлөөгөөр нутагтаа очсон юм. Маршалын шагналд юу байсан гэж бодно? 10 кг цагаан гурил, нэг боодол даалимба, дугуй булантай цай, ёотон, нархамба, нандин чавга, нэг дүнсэн тамхи, домбон сахар, дээлийн торго, дээл эмжих хоргой байсан юм. Дайны үед юм юм ховор байсан болохоор маршалын бэлгийг нутагтаа аваачин аав ээж, ах дүүдээ өгөхөд тэд надаас илүү баярлацгааж билээ”.

Р.Буяндэлгэр. “Налайхын нэвтэрхий толь” ном. 2014 он. 214 дүгээр тал.