images

Д.Гармаагийн хөгжөөнтэй явдлууд


Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарч хуучилсан нь.

   “Манай Төв аймгийн Эрдэнэ сумын долоон жилийн сургуулиас сайчууд төрсөн, төрж ч байна. Тэдний нэг нь техникумын сурагч байхдаа л Монголын кино урлагт инээдэм, уянгын шинэ төрлийг авчирсан, “Морьтой ч болоосой”, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг кино зохиол бичсэн Төрийн шагналт зохиолч Доржийн Гармаа юм. Миний дунд сургуулийн найз Д.Гармаа бол бас хөгжөөнтэй нөхөр. Сумын урд ууланд шөнө болохоор хөх гал сүүмэлзээд байдаг боллоо, лав чөтгөрийн гал байх гэж сургуулиар төдийгүй сумаар нэг шуугиан болов. Хүүхэд бид чөтгөрийн тухай бодлоос бүрэн ангижраагүй тул айдастай болов. Тэгтэл нэг үдэш хэсгийн төлөөлөгч Гонгоржав, сургуулийн захирал Жадамбаа, сумын намын үүрийн дарга Дамдин нар чөтгөр барихаар урд ууланд сэм авирч, галаар баримжаалан очтол Д.Гармаа хадан хоргорхуу юм барьчихсан ном уншиж суусан гэж байгаа. Одоо бодохул алдарт зохиолч болох алхмаа л хийж байж л дээ. Би одоо ч Д.Гармааг цаашлуулж “Чи тэнд уран зохиолын ном уншаагүй ээ. Олны дунд нууцаар тарсан эр эмийн ёс, хүүхэн шинжих тухай Семеновын лекцийг л уншиж байсан даа” гэж инээлгэдэг юм.

   Бас нэг орой байрандаа байж байтал Д.Гармааг нутгийнх нь хоёр хүүхэд Чойсүрэн, Насанбаяр нар сугадаж авчраад оронд нь оруулан хучиж орхив. Би өвдсөн байх л гэж бодлоо. Маргааш өглөө нь эхний цагийн хичээлийн дараа сургуулийн талбайд бүх хүүхдийн дөрвөлжлөн жагсааж, хойморт захирал тэргүүтэн зогсчээ. Нэг л сүртэй юм болох янзтай. Тэгтэл захирал өндөр дуугаар “Долоодугаар ангийн сурагч Доржийн Гармаа жагсаалаас гар” гэв. Мань эр лагсхан биетэй тул муу гутлаа пар пар гишгэлэн тоос босгох шахуу жагсаалаас гарч зогстол захирал “Сурагч Д.Гармаа хэдийгээр онц сурлагатан, сурагчдын зөвлөлийн дарга боловч сурагчийн дүрмийг зөрчиж ноцтой хэрэг хийсэн байна. Архи уусан тул сургуулиас хөөхийг сануулж, сурагчдын зөвлөлийн даргаас халав” гэх зэргээр ярьж тушаал уншиж билээ. Тэгэхнээ мань эр сумын хаяагаар өнгөрдөг машин зам тосохоор очтол Цэнхэрмандалаас жонш зөөдөг орос жолооч нар үдлээд талх, консерв, архиар дайлсныг хүртэж орхиж л дээ. Зам тоссоны учир бол хагас сайн өдөр тул замын машинд дайгдаж гэртээ харих гэсэн юм байж. Тэднийх сумаас холгүй, Шохой цагаан булагт байсан юм. Одоо бодоход өлөн зэлмүүн явсан дотуур байрны хүүд ч, ирээдүйн их зохиолчийг дайлсан орос нөхдөд ч, арга хэмжээ авсан сургуулийн захиргаанд ч аль алинд нь огтхон ч буруу байхгүй ээ. Арван зургаа, долоон настай гэнэн багахан үе минь дахиад нэг дайралддаг ч болоосой”.

Пунцагийн Бадарч. “Юм юмнаасаа” дурсамж ном. 37-39 дүгээр тал.