images

"Хөдөөний хүн”


   Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Хөдөөний хүн" болон "Гэргий ээж" дуугаа нэг онд бүтээжээ. Тэрбээр 1994 онд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр"-ийн 15 жилийн ойн тоглолтод оролцоод ээжтэйгээ уулзахаар нутаг руугаа явахаар болж гэнэ. Тухайн үед Б.Магсаржав Хятад руу сургуульдаа буцахад долоо хоног үлдсэн байв. Ингээд ээж дээрээ очих өдөр ч ирж, фургондоо суугаад байж байтал СГЗ Д.Дашдондов “Замд чинь хэрэг болно" гээд өвөрт цаас хийсэн нь “Хөдөөний хүн" шүлэг байжээ. Замдаа явсаар шөнө болохтой зэрэгцэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харалдаа иртэл түүний сууж явсан машины мотор цохиод нам зогсчихов. Хээр гадаа арван хэдүүлээ аргагүйн эрхэнд айл бараадаж очсон нь Санжаа хэмээх мянгат малчных байжээ. Тэр айл Б.Магсаржавт онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Эхэндээ цай унд өгөөд, нэг их тоогоогүй байсан айлын эзэнтэй дуу хуураас эхлээд ярьж явсаар "Би нэг л хүнийг хайгаад байгаа юм. Олоод өгвөл өвлийн идэш өгье. Танай Увс аймгийн Магсаржав гэж баянхуур тоглодог шар цэрэг байсан. Хятад руу явсан сурагтай. Манай доод оны цэрэг байлаа, ансамбль аваад явчихсан" гэж гэнэ. Тэгтэл хайж уулзахыг хүссэн хүн нь гэрт нь очиж таарсан Б.Магсаржав байжээ. Ингээд тэр айлд гурав хоног машины мотороо засаж өдөр бүр шинэ шөл ууж найрлаад буцжээ. Бүр ээждээ нэг үхэр, хонины хоёр гулууз махтай болж аваад харьсан байна. Тэндээс л “Хөдөөний хүн" шүлэг аятай болж дуу төрсөн байна. Анх энэ дууг Эрдэнэт хотын "Белаз" машины жолооч, сайн дурын уран сайханч Энхтогтох хэмээх залуу дуулсан бол сүүлд нь  Баянхонгор аймгийн харьяат дуучин П.Баярмагнай дуулж олны хүртээл болгожээ.

Эх сурвалж: Б.Магсаржав “Айсуй” УБ.,2023