images

"Гэргий ээж”


   "Гэргий ээж” дуу 1994 онд мэндэлжээ. Хөгжмийн зохиолч Б.Магсаржав БНХАУ-ын Бээжин хотод хөгжмийн сургуульд сурч байгаад дөрөвдүгээр курстээ Монголд иржээ. Тэгээд Эрдэнэт хотын "Уурхайчин" соёлын ордонд хөгжмийн зохиолчоор дадлага хийхээр болсон байна. Тэр үед “Эрдэнэт үйлдвэр"-ийн 15 жилийн ой тохиож 1000 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт найруулах үүрэг түүнд оногджээ. Тоглолтоо найруулж байхад нь Б.Ёндонравцаг хэмээх сэтгүүлч түүн дээр очоод “Ах нь сэтгүүлч хүн. Гэртээ очилгүй долоо хоночихлоо. Гэргийдээ нэг дуу зохиохгүй бол гэртээ орж чаддаггүй ээ” гэж гуйжээ. Тэгээд гэр лүү нь гитар тоглодог, белаз машины жолооч Энхтогтохыг дагуулан хамт явах замдаа "Гэргий ээж" дуугаа хийжээ. Ингээд Энхтогтох ч дуугаа сурч аваад гэрийнх нь гадаа 10 минут орчим дуулж зогссоноор Б.Ёндонравцагийг эхнэр нь гэртээ оруулсан гэнэ. Ингэж нэг айлыг эвлэрүүлсэн дуу Энхтогтохийн дуулснаар Монголын радиогийн фондод хадгалагдаж буй. Харин хожим нь жүжигчин Ц.Энхтайван албан ёсоор зөвшөөрөлтэйгээр  “Хоймор өнжих нар" олон ангит киноны дуу болгож дуулжээ.

Б.Магсаржав "Айсуй" номоос.