images

Есүй


Монголд Есүй нэртэй хүн өнөөдрийн байдлаар 2790 байна. Энэ олон Есүйгийн нэг ямар утга бэлгэдлээр ийм нэртэй болсон талаар фэйсбүүк хэрэглэгч Майнбаярын Тулгат ийн бичжээ. Тэрбээр охиндоо ийм нэрийг монгол, япон аль ч хэлэнд утга төгөлдөр байхаар бодож олсон байна.

   Тэрбээр "Охиноо төрөх үед нэр өгөх гэж хэрэндээ будилж билээ. Японд 14 хоногийн дотор шинэ хүнээ бүртгүүлэх, өөрөөр хэлбэл 14 өдөрт багтааж нэр өгөх ёстой болдог. Цаг нь тулчихсан, байдаггүй. Анх эмэгтэй хүүхэд гэдгийг нь мэдсэнээс хойш эрэл хайгуул хийж хэдэн сар бодсон ч олддоггүй. Монгол хэлээр яруу утгатай, япон ханзаар ч утга учиртай нэр өгнө гэдэг амаргүй даалгавар байлаа. Ээж нь төрсөн нутаг Осакадаа очиж амаржсан учир би араас нь очиж билээ. Замдаа юу бодов, зөвхөн нэр бодов. Хугацаа нь яг тулчихсан. Нисч явахдаа өөрөөсөө асуув. Аав хүний хувьд охиноо яаж амьдраасай гэж бодож байна гэж. Хөөрхөн сайхан байх юмуу, ухаантай байх юмуу, сайн хань ижилтэй, зам мөр тэгш гээд л. Бүхэл бүтэн нэг шинэ хүний ирээдүйн амьдралыг ургуулан бодтол надад орж ирсэн хариулт нь миний охин эрх дураараа, чөлөөтэй, зоргоороо амьдраасай. Онгоцны цонхоор харжээ явахдаа тэнгэрт элин халин нисэх шувуухай шиг гээд л бодож байв. Тэгж байтал 自由 буюу “эрх чөлөө”, 翡翠 буюу “ногоон хаш” гэдэг хоёр үгийг нийлүүлсэн “эрх дураараа нисэх үзэсгэлэнт ногоон хаш” гэсэн утгыг илэрхийлэх “Есүй” 由翠 гэдэг нэр гэнэт толгойд зурсхийн орж билээ. Монгол талдаа эзэн Чингис хааны ухаант, үзэсгэлэнт хатны нэр. Ёстой л наддаа “Эврика!!” болсон доо. Хүн эрх дураар, өөрийн хүсэл зоригоор амьдрахад тодорхой хүч чадал хэрэгтэй. Түүнээс ямар ч хөлс, хариуцлагагүйгээр сайхан нисээд байна гэж юу байхав. Охин минь өдөр бүр хичээж, сонгосон замнал, мэргэжлийн чиг баримжааныхаа дагуу өөртөө үнэ цэн хуримтлуулж, хөдөлмөрлөж яваад нь баярладаг аа. Далавчаа ургуулаарай, яг л энэ эрчээрээ жигд хичээгээрэй охин минь" гэжээ.