images

“Чамдаа”


  "Дижитал" хамтлагийн “Чамдаа” дуу 2001 онд мэндэлжээ. Энэ тухай тус хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг "25 дугаар суваг" телевизийн “Дуу төрсөн түүх” нэвтрүүлэгт ярихдаа “Нэг зун хөгжилтэй тохиолдлоор энэ дууны санаа орж ирсэн. Сайхан нартай өдөр гэрийнхээ бүх цонхыг дэлгэчихээд хувцсаа угааж байлаа. Урамтай нь аргагүй нидрүүлгэн дээрээ хувцсаа үрж байтал тэр хэмнэлд нь нэг ая ороод ирсэн. Ажлаа дуусгачхаад аяа бушуухан тэмдэглэж авсан юм” гэжээ. Энэ дууны дахилт нь анх:

“Цэцэгсийн толгой бөхийлгөөд би чам дээр очно доо

Цэвэрхэн төрсөн чи минь харин инээмсэглэнхэн ирнэ дээ” гэж байгаад сүүлд

“Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо

Царайлаг төрсөн чи минь харин инээмсэглэнхэн ирнэ дээ” болж өөрчлөгдсөн байна. Харин тус хамтлагийн дуучин Х.Халиун “2001 оны намар нь Эрка биднийг манай гэрт цуглуулсан. Тэгээд “Зургуулаа нэг л дуу хийж үзье. Тэр нь амжилт олвол хэдүүлээ цааш нь уран бүтээлээ хийе. Хэрэв үгүй бол ингэсгээд больё” гээд, бэлэн болчихсон ая сонсгосон юм. Бид хамтлагаа 1999 онд байгуулаад хэд хэдэн ч уран бүтээл гаргаж, дуу төрөхийн өмнөх хавар нь “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс” гэсэн тоглолт хийсэн ч амжилт олоогүй. Тийм итгэл муутай байсан үе” гэж дурсжээ. Ингээд хамтлагийн залуус өөр өөрсдийнхөөрөө үг зохиосноо нийлүүлээд, тухайн үед шинээр байгуулагдаж байсан “Мичид рекордс” студид хоолойгоо бичүүлэхээр болжээ. Ингээд студи руу очих өдөр анхны цас орж таарсанд сэтгэл нь хөөрсөн залуус замдаа хэсэг саатан цасаар тоглож хөгжилдсөн гэнэ. Анхны цастай өдрийн баяр хөөр, эрчмээр студид очсон нь дууны дахилтад өөрчлөлт оруулахад хүргэжээ. Энэ дуу гарсан даруйдаа долоо хоногийн дотор 102.5 ФМ-ийн хит парадын эхний 10-т өрсөлдөж байгаад дараа долоо хоногоос нь тэргүүлж байжээ.