images

“Дөрвөн улирал, хоёр амраг”


    1972 онд “Баян Монгол” чуулгынхан зүүн гурван аймагт тоглолтоор явах болоход Монголын радиогоос яруу найрагч Д.Батсүрэн нэмэгдэн хамт явсан байна. Мөн тоглолтын багийнхан дотор гитарчин, хөгжмийн зохиолч С.Баатарсүх явсан ба тухайн үед уг дууны зохиогчид танилцах эхлэл тавигдсан гэдэг. Энэ талаар С.Баатарсүх "Манай тоглолтын автобус хамгийн сүүлд Радиогийн гаднаас хөдөлсөн юм. Тэгэхэд Д.Батсүрэн ороод ирсэн нь надтай хамт л уран бүтээл хийх тавилантай байсан юм билээ. Тэр үед би гитар л тоглоно, өөрт сонсогдсон аяа гитарын гоцлол болгож тоглоод явдаг, түүнээс ноот бичиж мэдэхгүй, хөгжмийн зохиолч гэж дуудуулахаас эмээдэг байсан" хэмээн дурсжээ. Ингээд яруу найрагч Д.Батсүрэн түүнд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн мөртэй харилцаа шүлэг өгч, ая хийж өгөхийг хүсчээ. Тэр шүлэг С.Баатарсүх зохиолчид тун боломжийн санагдаж, уншихад л ая нь ороод ирсэн байна. Тэгээд аяа хийгээд дараагийн бадгийг нь асуухад Д.Батсүрэн ч дор нь бичээд өгчээ. Харин автобусанд цуг явсан Х.Галхүү, Л.Оюунчимэг хоёр дуулж, бусад уран бүтээлчид нь хөгжимдөж явсаар дуу замд бэлэн болж, түрүүнд очсон аймгийнхаа тайзан дээр анх дуулагдсан байна. Чуулгынхан ч тоглолтоо дуусгаад хотод ирэхэд аль хэдийнээ хүмүүсийн танил болсон байжээ. “Дөрвөн улирал, хоёр амраг” дууны аяыг Монголын анхны поп-рок гитарчин, хөгжмийн зохиолч С.Баатарсүх 1972 онд 24 насандаа зохиосон юм. 

Эх сурвалж: wikipedia.mn