images

Д.Сүхбаатарын хөшөө боссон түүх


   1945 оны 6 дугаар сарын 15-ны өдөр МАХН-ын Төв хороо, Улаанбаатар хотын Намын хорооноос намын гишүүд, Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдийг оролцуулан Улаанбаатар хотоо тохижуулах өргөн субботникийг Д.Сүхбаатарын талбайд эхлүүлэхээр болжээ. Энэ ажилд маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал болон Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа тэргүүтэй нам төрийн удирдлагууд, БНМАУ-д ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд оролцжээ. Энэхүү субботникийн явцад уг талбайг тэгшлэн цардаж, удалгүй Д.Сүхбаатарын хөшөөг тэнд босгосон юм. 1946 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын төв талбайд Д.Сүхбаатарын морьт хөшөөний нээлт боллоо. Нээлтэнд нам төрийн тэргүүнүүд, мөн Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаа оролцов. Хөшөөг нээхэд С.Янжмаа гуай сэтгэл хөдлөлөө барьж үл дийлэн нулимс унагахад дэргэд нь зогссон Х.Чойбалсан цагаан алчуур гарган өгч, жанжны гэргий тэр алчуураар нулимсаа арчиж байсан юм. Уг хөшөөг уран барималч С.Чоймбол болон түүний багийн гишүүн Д.Дамдимаа, Лхамсүрэн, Пүрэв, Н.Жамбаа, Равдан, Данзан, Данший, уран гартан дархан Ш.Наянтай, A.Даваацэрэн, мөн туслах ажилчид оролцсон байна. Хөшөөний суурь хэсгийг 1921 онд жанжин Д.Сүхбаатар одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг, “Шилхэнцэг цохио” хэмээх жижиг толгой дээр гарч цэргүүддээ хандан үг хэлж байсан тэрхүү хадан цохионы хэлбэр дүрсээр урлажээ. Хөшөөний суурийн хойд хананд Ардын хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Ардын журамт цэрэг эх нутгаа гамин цэргүүдээс чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй.

   Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр холбосон бөгөөд арслангуудыг холбосон ширмэн гинжийг тухайн үеийн Төмөрийн заводын дарга Г.Батсүх удирдан хийлгүүлжээ. Уран барималч С.Чоймбол Д.Сүхбаатарын хөшөөг урласны төлөө 1947 онд Төрийн шагнал хүртсэн юм.

Эх сурвалж: "Нийслэлийн Монгол Ардын Намын түүхэн тойм" ном. 2015 он. 124 дүгээр тал