images

“Ахан дүүсийн дуу”


   “Ахан дүүсийн дуу” хөгжмийн зохиолч Т.Чимэддорж ая, Д.Батсүрэнгийн шүлгээр бүтсэн юм. Хөгжмийн зохиолч Т.Чимэддорж нь Дорно дахины хөдөлмөрчдийн их сургууль, Москва, Шанхай хотын сургуулиудад суралцаж байсан өндөр боловсролтой нэгэн ажээ. Тэрбээр 1963-1981 оныг хүртэл Монголын радиод Хөгжмийн редакцийн хариуцлагатай редактораар 19 жил ажилласан. Энэ хугацаандаа Монголын хөгжмийн уран бүтээлчдийг сурталчлах, сурвалжлах, сургах, дэлхийд таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулжээ. Харин хөгжим судлаач, яруу найрагч Д.Батсүрэн нь 1963-1966 онд Монголын радиогийн найруулагч-редактор, 1987 оноос Монгол телевизийн хөгжмийн редактороор ажиллаж байсан хүн. Хоёр уран бүтээлч нэг гал тогоонд чанагдаж байхдаа олон сайхан дуу хамтран бүтээсний нэг нь энэ дуу юм. Анх энэ дууг 1965 онд Гавьяат жүжигчин В.Оросоо, эмэгтэйчүүдийн чуулга симфони найрал хөгжимтэй дуулсан билээ. Урлагийн хүрээнийхэн энэ дууг Монгол, Зөвлөлт улс хоорондын найрамдлын харилцааг илэрхийлсэн сонгодог уран бүтээл гэдэг. Гавьяат жүжигчин В.Оросоогоос эхлүүлээд Цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин Д.Алтанхүүгийн дуулсан хувилбар хүртэл олон бичлэг Радиогийн алтан санд хадгалагдаж буй. Түүнчлэн Гавьяат жүжигчин Г.Хайдав өөрийн шавь С.Жавхлантай хамтарч дуулсан бол 1975 онд "Соёл Эрдэнэ" хамтлаг дуулж, орчин үеийн хэв маягтайгаар олон нийтэд хүргэж байсан түүхтэй. 

Эх сурвалж: Монголын радиогийн "Дуун увдис" нэвтрүүлэг.