images

“Go Mongolia”


   Манай улс 2023-2025 оныг "Монголд зочлох жил" хэмээн олон улсад зарласан. Энэ хүрээнд эх орондоо жуулчдыг татах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр, сурталчилгаа, менежментийн ажлыг хийж байгаа билээ. Тухайлбал, “Welcome to Mongolia" хэмээх үг нь Монгол улсын аялал жуулчлалын өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид “Go Mongolia” хэмээх үг манай улсыг олон улсад илэрхийлэхээр болжээ. Албаныхны мэдээлж буйгаар, энэ түлхүүр үг нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтааж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан гэнэ. Түүнчлэн энэ үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах бөгөөд зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм. Монгол улсыг олон улсад илэрхийлэх уг түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэсэн байна.

    Олон улсын туршлагаас үзвэл үндэсний брэнд түлхүүр үг, өнгө төрх нь дунджаар 5-10 жилийн настай байдаг бөгөөд улс орны хөгжлийн бүтэн нэг үеийн өнгө төрхийг илтгэж, тухайн цаг үед амьдарч буй ард иргэдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, үндэсний бахархлыг төрүүлдэг ажээ. Иймд Монголчуудын хүсэл зорилго, нөөц боломж, хөгжлийн загварыг дунд, урт хугацаанд илэрхийлэх, хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн сорилтыг даван туулах чадамжтай “Go Mongolia” брэнд Монгол улсыг илтгэх болно гэдгийг Соёлын яамнаас онцлов.