images

Чи “Өвгөн шувуу”-гаа, би “Тэхийн зогсоол”-оо биччихсэнээс хойш одоо үхсэн ч яахав


Утга зохиол судлаач Ч.Билигсайхан агсны хууч

   “1970-аад онд “Утга зохиол, урлаг” сонинд болох болохгүй юм их гардаг, үзэл суртлын талаар эргэлзээтэй зүйл нийтэлдэг гэж Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст С.Эрдэнэ эрхлэгч болон сонины нарийн бичгийн дарга миний бие мөн ч олон дуудагдсан даа. Тэр бүхнийг мэдэхгүйдээ бид зэмлүүлэх юм нийтэлдэг байгаагүй л дээ. Үнэхээр аятайхан, шинэ содон, сайн бүтээл сонинд хүрээд ирэхээр бид эхлээд баярлацгаадаг, дараа нь яажшүү хэл амгүйхэн нийтлүүлчих вэ гэж шаналж эхэлнэ. С.Эрдэнэ эрхлэгч жаахан хулгаж байснаа нэг л өглөө бяцхан зориг орчихсон хүрч ирээд “Нөгөөхөө явуулаад үздэг хэрэг” гээд шударч орхино. Тэгээд л хэрэг мандана даа. Нөгөө содон материалын талаар зохиолчид голдуу баяр хүргэж утасдаад С.Дашдооров, Ч.Чимид нар ирээд “Тугал ч их зориг гаргаж дээ” гэж магтаад л. Энэ бүхэнд баярласан эрхлэгч баяртай царайтай, улам ч уярангуй болно. Гэтэл Үзэл суртлын хэлтэс дээр дуудагдана. Эрхлэгч хүрлийгээд, бид хоёр гарч өгнө. Загнуулж, чичлүүлж байгаад эргэж ирнэ. Эрхлэгч гутарч гунихын туйлд хүрнэ. Тэгээд нөгөө идээ, ундааны ажил задгайрч, нүднээс нь нулимс мэлмэрээд л “Хэрэг алга, түй. Юм ойлгохгүй муусайн юмнууд” гээд бухимдаад алга болж өгнө.

   Дал, наяад оны эхээр хэсэг зуур МЗЭ-ийн хороонд уур амьсгал аятайхан байлаа. Тэр үед Хорооны байшингийн гуравдугаар давхар гэдэг мөн ч хөгжилтэй байдагсан. Ц.Гайтав гуай орлогч даргын үүдний өрөөнд сууна. Дараах өрөө нь манай эрхлэгчийнх, түүний дараа Явуугийн өрөө, цаана нь Л.Чойжилсүрэн гээд л байнга зохиолчид хөлхөөд, уран зохиолын тухай гал халуун яриа өрнөөд, түүнийг дэврээдэг “нөгөөх” нь ч бэлэн байх. Тэр дундаас нэг яриа сэтгэлд мартагдахгүй үлджээ. Явуу нэлээд халамцуу, эрхлэгч түүнээс дор. Эрхлэгч “Өвлийн ойд” нэртэй жижиг өгүүллэгээ сониндоо хэвлэчихсэн байсан юм. Явуу “Эрдэнэ ээ, чи ийм муу юм бичлээ гэж үү дээ, айн?” гээд эрхлэгчийг хаа орсон газар нь дагаад салдаггүй. Эрхлэгч “Явуу чи боль л доо, юу нь муу байгаа юм бэ” гээд эхлээд зөөлөн байснаа сүүлдээ гомдоод “Ийм үзэл суртлын уур амьсгал дунд чинь би тэгээд юу бичих юм бэ?” гээд л мэлмэрүүлж эхэллээ. Урд урдаас илүү мэлмэрч байна. Гэтэл Явуу хажуугийн хүн хараад өрөвдөхгүй байхын аргагүй болсон эрхлэгчийг маань харж сая нэгийг бодов бололтой ихэд зөөлөрч “За за, Эрдэнэ минь. Чи “Өвгөн шувуу”-гаа, би “Тэхийн зогсоол”-оо биччихсэнээс хойш одоо үхсэн ч яахав дээ. Юундаа уйлдаг юм, явъя” гэлээ. Эрхлэгч дорхноо баярлаад нулимсаа арчин хоёул хэлхэлдэн гарч өгч билээ. Б.Явуухулан, С.Эрдэнэ хоёр гаднаас нь харахад их төвшин, тайван, юуг ч өнгөрөөж чадах хүмүүс мэт харагдавч дотроо туйлын эмзэг зөөлөн, заримдаа бүр хүүхэд шиг цагаан, гомдомтгой хоёр байж билээ".

“Монголын уран зохиолын дээж". XII боть. 55-56 дугаар тал.