images

Ц.Дамдинсүрэн: Сэхээтний амыг бөглөж болох боловч, ард түмний цоорхой гэрийг бөглөж болохгүй


ЗХУКН-ын ХХ их хурлын дараа хэлмэгдүүлэлтийн асуудлыг хүчтэй гаргаж ирсэн “Хрущевын дулаарал”-аар манайд ч байдал өөрчлөгдөх нь гэсэн таатай хандлага сэхээтний дунд гарчээ. “Манай оронд юу нь болохгүй байгаа, цаашдаа яаж засах арга замыг та нар чөлөөтэй сайн ярь” гэж голдуу үндэсний үзэлт сэхээтнүүдийн үүр уурхай гэж үзэгдсэн МУИС болоод хэд хэдэн газарт МАХН-ын Улс төрийн товчооны гишүүд, Төв хорооны нарийн бичгийн дарга нар уулзалт ярилцлага хийж шүүмжлэлийг чөлөөтэй өрнүүлэхээр болжээ. Токио хотын их сургуулийн профессор, монголч эрдэмтэн К.Окада “Цэндийн Дамдинсүрэн ба “Сэхээтний төөрөгдөл” гэгчийн тухайд” өгүүллийг ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн “Хэл, зохиол судлал” сэтгүүлийн 2010 оны №3 (35) нийтлүүлжээ. МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн Б.Ширэндэв тэргүүтэй удирдах гол хүмүүс МУИС-ийн багш нартай уулзсан үеийн гол баатраар зохиолч Ц.Дамдинсүрэн тодорч, түүний хэлсэн үг багш нарыг зоригжуулсны гадна хэлсэн үгийг нь бүүр сүүлд он дамжуулан хагас дутуу ярьсаар ирснийг К.Окада албан баримтыг албан бус тэмдэглэлээр нөхөн тодруулсан байна.

    Ц.Дамдинсүрэн:

   “Ингэж сонсож байгааг баяртай хүлээж авна. Ер нь ингэж ард олонтойгоо ойртох нь сайхан юм. Манайд ололт байна. Үүнийгээ үргэлж ярьдаг ба хэвлэдэг. Иймд дутагдлын тухай ярих нь зүйтэй байх. Бид ардынхаа байдлыг хайхрахгүй байна. Социализмаас коммунизмд орох гэж байгаа юм шиг ярьдаг. Үүнийг удирдагчид, сэхээтэн, хэвлэл магтдаг. Энэ нь архи шиг согтууруулж байна. Энэ нь олноос тасарсан хэрэг. Үнэн байдал нь магтаалтай зөрж байна. Миний ах гэрийн бүрээс байхгүй. Нийт ардууд ийм байна. Бидний сэхээтэн ийм болбол бослого гаргана. Улсад нийлүүлдэг зүйл их байна. Малын ашгийг бүрэн шавхан авч байна. Малын таваарын гаралт хуучин хэвээр. Улсын авах нь их байна. Түүнээс болж мал маань хамгийн ашиггүй болов. Үүнийг хэлэх, хэвлэхэд дарагдуулдаг. Ер нь чөлөөтэй шүүмжлэл алга. Дээрээс дорогшоо шүүмжлэх нь 100 хувь байтал, доороос дээшээ шүүмжлэл 100 хувь хаалттай байна. Манайд социализм байгуулах явдал удааширч байна. Ийм ядуулаг байдлаар социализм байгуулахгүй. Дарга нар ба бид нар шинэ цагийн язгууртан юм. Бид энэ дутагдлыг мэдэж байгаа боловч шууд арга хэмжээ авч чаддаггүй. Дотоод Монголд ардуудыг анги хуваахгүй байна. Гэтэл манайханд ангийн тэмцлийг хурц болгох гэж агсан морь шиг байна. Дорнодын малчин Долгорыг хавчсан. Тэгээд түүнийг малгүй болгоод өөрийг нь хэрэгт хийсэн. Балжинням бол (Улс төрийн товчооны гишүүн, Хөдөө аж ахуйн яамны сайд. Энэ хэлэлцүүлэгт оролцсон. До.Ц) ард түмнээс тасарсан. Дан Зөвлөлтийн туршлагыг хуулахыг хүсдэг. Жишээ нь, малд олон шил цонхтой байшин барьсан. Гэтэл түүний дэргэд байгаа малчин нь онгорхой гэртэй байна. Ийм сайд байх уу? Үхэр нь хүний төлөө юу, аль эсвэл хүн нь үхрийн төлөө юу? гэж асууя. Манай түүхэнд тохиромжгүй явдал байна. Үндэсний үзэлтэй тэмцэх тэмцэл буруу явагдаж, эх оронч үзлийг бут цохисон. Жагварал зэрэг хүмүүсийн статья нь цөм Маркс, Лениний сургаалын эсрэг түүхт тэмцлийг илрүүлж хөгжлийг үгүйсгэсэн байв. Тэд ангийн тэмцлээс өөр юм мэддэггүй. Жагварал нь өөрийн эдийн засгийг мэдэхгүй. Зөвлөлтийн хэвлэлийн толгой сүүлийг засаад тавьдаг. Октябрийн шууд нөлөөгөөр манай нам засаг буй болов гэж байсан. Энэ бол тун буруу байна. Иймд түүхийг зөв бичих хэрэгтэй. Нэрэмжит газар дэндүү олон болжээ. Сургууль, аймаг, сум, үйлдвэр уурхай зэрэг цөм Х.Чойбалсангийн болсныг засах, үүнийг цөөтгөх хэрэгтэй. Хоёр Д.Сүхбаатарын нэрэмжит газар буй болсон” гэхчлэн түрүүнд эхэлж босоод хурц шүүмжилсэн нь тэр хаалттай үед “хуурай газар тэнгэр ниргэх шиг” болжээ. Энэ уулзалт ярилцлага далд эсэргүүцлийг ил болгон бут цохихоор бэлтгэсэн мэт хэдхэн хоногийн дараа 1956 оны 12-р сарын 5-ны өдөр Улс төрийн товчооны хурлаар батлагдсан “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” хэмээх 413-р тогтоолд “Үндэсний үзэл, “Зөвлөлтийн эсрэг үзэл”-ийг хурц шүүмжилсэн байна. Түүний дотор “Үндэсний үзэл бол манай нам, ард түмэнд хамгийн аюултай зүйл байсан ба одоо ч байгаа юм. Улсын их сургуулийн зарим багш нар ч мөн үндэсний үзэл баримталж байна. Намын дотор гарч байгаа марксизмд харш энэ мэтийн үндэсний үзлийн дайралтыг эрс буруушаан няцаах хэрэгтэй” гэжээ. Үүний эсрэг Ц.Дамдинсүрэн гуай “Тэр хуралд Б.Ширэндэв санаснаа сайн хэл гэсэн. Гэтэл одоо үндэсний үзэлтэн гэж байна. Би хэлсэн үгнээсээ үл буцна. Би нам, ард түмнийхээ төлөө хэлсэн. Ширэндэв хэлсэн үгэндээ эзэн болохгүй буцаж байна. Энэ тогтоол хангалтгүй байна. Энэ тогтоолоор сэхээтний амыг бөглөж болох боловч, ард түмний цоорхой гэрийг бөглөж болохгүй. Үндэсний үзэл нэрээр эх оронч үзэл, өвөө хадгалахыг дарчихсан нь огт буруу. Өөрийн ард түмний бүтээл, тэднийг хайрлахгүй байна” гэжээ. Ц.Дамдинсүрэн гуай үзлээсээ няцаагүй нь шударга, зоригтой, эгэл олны төлөө эцсээ хүртэл зогсож чаддаг хатуужлыг харуулж, түмний хайр хүндэтгэлийг улам олсон гэхэд болно. Энэ эрхэм зохиолч МАХН-аас хоёр удаа хөөгдөж, арваад удаа арга хэмжээ авахуулж, Улс төрийн товчооны хурлаар гурван удаа хэлэлцүүлэн донгодуулж шийтгүүлжээ.

Эх сурвалж: Зохиолч До.Цэнджавын Фэйсбүүк хуудаснаас авч нийтлэв.