Байгууллагын цалин тавьсан минь
Өнөөдрийн Хууч
2023-12-20
“Тэр жил Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал сумдын нутагт геологи хайгуулын ажилд явж байлаа. Ёолк ойртчихсон өдий хавьцаа ангийн цалин ирлээ дээ, Чойр дахь экспедицээс маань. Экспедицийн мөнгөний нярав Дайрийжав гуай уг нь цалин тавьдаг ч тэр үеэр хүнд өвдөөд ирж чадсангүй. Ангийн төвд байсан хариуцлагатан болох миний бие цалин тавилаа. Өвөлжиж ажиллаж байгаа 40-50 хүний цалин тавих хэцүү биш л дээ. Цэс дээр бичигдсэн нэрсийн ард байгаа тоогоор мөнгийг нь түгээгээд л гүйцээ. Цалингаа тавиад дуустал 154 төгрөг хэдэн мөнгөтэй үлддэг юм байна. Тэр үед хээр ажилладаг бидэнд хээрийн нэмэгдэл зун өдрийн 8 төгрөг, өвөл 13 төгрөгөөр бодогдож ирдэг байлаа. Хэн нэгний хээрийн нэмэгдлийг өгөхөө мартчихсан юм болов уу гээд шалгалаа бүгд аваад гарын үсгээ зурчихаж. Нэгнийхээ цалинг л дутуу өгчихөж гээд харзналаа. Цалинтай цуг манайхны Чойрын Орос дэлгүүр рүү захисан бараа ирчихсэн. "Московский", "Столичный" архины үнэр сэнгэнээстэй. Аваргуудыг татархаар нь болохоос гээд нөгөө мөнгийг гэртээ авчраад хадгалчихлаа. Хоёр гурав хонолоо хэн нэгнээс гомдол ирсэнгүй. Радист маань цагаан хоолойгоороо “Цалингаа дутуу авсан хүн инженерээс ирж үлдсэн мөнгөө ав” гээд зарлаад байдаг таг чиг. Дайрийжав гуайгаа ирэхээр л учрыг нь олохоос гээд өнөө гайтмарыг задгай мөнгөтэй юүтэй хэйтэй нь хав дарчихлаа. Шинэ оны ууган цалин түгээхээр Дайрийжав гуайгаа ирэхээр нь гар нүүрийн алчуурт боочихсон өнөө мөнгөө тэврээд очлоо шүү тэгсэн Дайрийжав гуай маань инээгээд “Задгай мөнгө хуримтлагдаад ийм болдог” гэдэг байгаа.
-Энийг тэгээд одоо яахав?
-Дулаархааар цаадуултайгаа ямаа боогоод л нэг өдөр хөгжчихгүй юу даа. Эсвэл охиндоо юүхэн хээхэн аваад өгчих.
-Муухай биш үү?
-Мянга гаргаж аваад сурчихсан улс тавь жаран мөнгийг тоодоггүй юм аа хүү минь гэж билээ. Тэгээд яалаа даа хаа очиж мартчихаж. Бодвол ямаа л боосон байлгүй дээ хорин тав зургаатай нас ч залуу байсан даа.”
Эх сурвалж: Зохиолч Доржзовдын Энхболдын фэйсбүүк хуудаснаас өөрийнх нь зөвшөөрлөөр авч нийтлэв.