images

Ямар ч даргыг ерөөсөө хүн гэж тоохгүй...


Яруу найрагч Зундуйн Дорж аавынхаа тухай хуучилсан нь.  

   "Манай эцгийг Навсаан Зундуй гэдэг хүн байсан юм. Ерөөсөө хоч гэхээсээ илүүтэй бараг л хүндэтгэл нэр аятай Навсааныхан л гэдэг юм шүү дээ. Нэрийг нь ч хэлдэггүй. Тэр Навсаан гэдэг нь гоёх гоодохыг мэдэхгүй, хормойгоо унжуулчихаад яваад байдаг тийм хүн байсан юм. Манай эцэг ерөөсөө малд хайртай гэж жигтэйхэн. Хаа яваа газраа л өвс ургамал үзэж мориноосоо буудаг, өвс татаж аваад үзэж, зажилж ч байх шиг. Өвсийг таваг сөлний улирал, өвчүү сөлний улирал гэж ярина. Цасан дороос цухуйсан янз бүрийн агь, элдэв өвсийг буугаад хараад байдаг, үзээд байдаг тийм хүн байсан юм. Өвс судалдаг л хүн байсан даа. Би өвс ургамлын талаар ч Алтайн хязгаарт судалж "Сүүт өвс" тэмдэглэл бичиж, Бажуудайн Ганбатад өгч, Л.Түдэв гуай эрхлэгч байхдаа "Үнэн” сонины нүүр дүүргэж нийтэлсэн. Ар Кавказад ч өвс ургамал сурвалжилж явсан. Энэ өвс ургамал сонирхох санааг манай эцэг надад өгсөн юм.

   Нэг үе малаа хариулаад агент хийдэг байлаа. Манай эцэг чинь Халх голд Сүмбэрийн харуулд морин цэрэг байсан хүн. Сүүлд нь аймгийн банкинд ирсэн. Тэрнээс хойш дандаа мал хариулж, агент хийж байсан. Агент хийж байхдаа бүх бараагаа зээлээр өгчихдөг. Хүнд өгсөн зүйлээ монгол үсгээр татаж аваад "Тэднийх тийм юм авлаа, эднийх ийм юм авлаа" гээд бичээд авдаг. Гэнэтийн тооллого ирчих вий гэж ажаа маань их айдаг байсан юм. Манай голынхон ч элдэв зангүй л дээ. Авсан барааныхаа үнийг дор нь л буцаагаад өгчихнө. Гурилыг чинь дандаа бүгд зээл авна, тэр үед бэлэн мөнгөтэй ч хүн байхгүй.

   Намайг 10 төгсөхөд манай эцэг надад дөрвөлжин шугамтай цаасан дээр уйгаржин бичгээр бичээд “Энийг чи хадгалж яваарай” гэж өгсөн юм. Тэр дотор чи бол миний хүү ч гэхгүй байгаа юм. "Чи бол 41 оны төмөр могой жилийн могой сарын могой өдөр төрсөн" гээд бичсэн байсан. “Та энийг яаж мэдсэн юм?” гэсэн чинь "Намар нүүж яваад үхэр тэргэн дээр гарсан учраас. Тэгэхэд Жамъяншарав бид хоёр судар үзсэн чинь яг тийм өдөр таарсан гээд Намдагт бүртгүүлэхэд яг тэр чигээрээ бүртгүүлсэн юм". Намдаг нь багийн дарга байж. Сүүлд үзвэл, бас нэг сонин юм байдаг юм. Би өөрийгөө магтахын тулд дурдаж байгаа хэрэг биш. Цогт хунтайжийг 1581 оны Х жарны төмөр могой жилийн могой сарын могой өдөр Хар Бухын голын хойд дэнжид төрсөн гээд түүхэнд биччихсэн байгаа л даа. Цогт хунтайж өөрийнхөө төрсөн бууцан дээр 1600 хэдэн онд ч юм бэ дээ Хар балгасыг барьсан байгаа юм. Хар Бухын голын ард суурь нь байгаа шүү дээ. Тэрнийг барьж байхад хоёр хэрээ дээгүүр нь гуаглаад өнгөрсөн гэдэг юм. Тэгэхээр Цогт тайж үзмэрчээсээ "Энэ хэрээ юу гэж гуаглаж байна?" гэсэн чинь " Зуун жилийн дараа миний гэр болох юм байна гэж байна аа тайж гуай" гэсэн гэдэг юм. Энэ домгийг зохиолч Ж.Дашдондог миний хариуцаж ном хэвлэдэг болсон пүүсээрээ гаргасан нэг номондоо бичсэн юм.

   Манай эцэг нэгдэлд орохыг нэг нүдээр үздэггүй хүн байлаа. Сумын наадам дээр очоод л шууд агсам тавьдаг. Цэдэнбал даргыг хүртэл доромжилж хашгирдаг. Айлын найран дээр ч агсам тавьчихдаг. Ер нь нэлээн агсам хүн байсан юм. Дээр нь найранд очихдоо гоёх гэж байхгүй, морио гуядаж давхих ч гэж байхгүй. Бороо орж байсан ч гэлдэрч л явдаг. Ерөөсөө морийг чинь бараг хатируулахгүй шүү дээ. Их сонин хүн. Би хаяад л давхиад явчихдаг. Малынхаа дэргэд зогсоод байдаг, гаднаас явж ирээд хонь малдаа л санаа тавина, гэрийн ажил их муутай, юу ч хийхгүй, Мөөм л хийгээд байдаг. Орж ирээд хоол идчихнэ, архи уучихна. Архи их ууна, тэгэхдээ согтохгүй. Эрүүл мөртлөө агсам тавьдаг. Харин ганцхан манай эхийн эсрэг сөргөж нэг ч үг хэлж үзээгүй. Тэр нь их сонин байдаг юм. Ямар ч даргыг ерөөсөө хүн гэж тоохгүй, тийм танхай ч юму у, тийм хэрүүлч ч юм уу хүн байсан.

   Би эцгийгээ нэлээн эрдэмтэй хүн гэж боддог юм. Авзагын хүрээн дээр суухдаа унзад хоолойтой Навсаан нэртэй байсан. Бурхан тахил нураачихаад Авзагын хүрээнээс оргож явтал айлын халтар ноход дайрчээ. Үхсэн ухнын эвэр урдаа барьж нөгөө нохойны ам руу хийж байж амь гарсан гэдэг юм. Төвд номонд гайгүй. Номон дотор нь дөрвөлжин бичгийн ном ч байдаг байсан. Шаазгайны хэл тайлдаг ном ч байсан. Би тэр шаазгайны хэл тайлдаг номыг нэг хүнд өгөөд алдчихсан юм. Гадаа ирээд шаазгай дуугарахаар манай эцэг нөгөө номоо сөхөөд үздэг. Тэгээд "Нэг бод үхэх юм байна" гэвэл яг л нэг хоёр хоногийн дараа бод үхдэг. Нэг бол хүн ирэх юм байна гэвэл маргааш нь нэг зочин ирдэг. Шаазгай нэг дуугарахаар зэрэг манай эцэг чинь тэрийгээ бариад суучихдаг. Тэр шаазгайны ном гэдэг чинь ер нь манай Монголд байгаа ч юм уу, үгүй ч юм уу их сонин ном байсан юм.

   Тэгэхээр би эцгийгээ бас их хүндэлдэг юм. Хэдийгээр тийм танхайдуу хүн байсан ч гэсэн их айхтар зөн совинтой хүн байж дээ. Хоёр удаа даалууны хэргээр шоронд орсон. Манай Хишиг-Өндөрийнхөн ч их даалуу тавьдаг. Манай эцэг даалуунд муу мөртлөө даалуунаас салах гэж байхгүй. Хамгийн том, хамгийн сайн даалуучин чинь манай Нянтай ах шүү дээ. Базарваань хумпад, тэрний даалууны гуншин хэлнэ гэдэг чинь дийлдэхгүй. Шар Дугаржав бас хэцүү. Нянтайгийн даалууны гуншин дуудахад толгой нь эргэж байгаад духдуулчихдаг байхгүй юу.

   Манай голынхон чинь нэг жил намайг жаахан байхад бүгд даалууны хэрэгт татагдсан юм. Тэр байтугай манай эцгийн дүү жаал Зундуй гэдэг хүний авгай Жамъянжав гуай хэмээх чавганц хүртэл татагдаж байсан юм. Ганцхан Даш заан үлдчихсэн юм. Даш заан даалуунд бас муугүй л дээ. Машинтай улсууд ирээд даалууны хэрэгтэнг бариад байсан чинь Даш заан оргоод Могодын нуруунд гараад явчихсан гэдэг юм. Тэгээд нөгөө хэрэг нь шувтарчихсан хойно гэртээ ирсэн гээд байгаа юм. Бусад нь дандаа 5 жил аваад, манай эцэг Бөөрөлжүүтийн бургасанд мод хийж байсан. Би хоёр гурав очсон. Манай Нянтай ах Булганы төвийн баруун урд, Чойбалсангийн очсон гэдэг буудлархуу юм байсан, тэрний хажууд ногоо тарьдаг газар ажил хийсэн юм билээ".

З.Дорж. "Хасагдавч үрэгдээгүй зохиолууд, хаягдавч дарагдаагүй тохиолууд" номоос. 2011 он. 71-73 дугаар тал.  

Гэрэл зураг дээр: Зундуй гуай Дорж хүүтэйгээ. Зургийг МУ-ын ТС, СГЗ Зундуйн Дорж Фэйсбүүк хуудаснаас авав.