images

“Алсарч одсон анд минь”


   Энэ дууны аяыг "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай, үгийг Д.Чинзориг зохиожээ. Харин Х.Лхагвасүрэн 2018 онд  дуулж олонд хүргэсэн байна. Д.Чинзориг дууны шүлгийг хэрхэн зохиосон талаараа ярихдаа,

“Холын замд гарахад анд минь чи

Хошин үгээр дайлж мордуулдагсан

Хорвоогийн худал үнэнийг дэнслээд

Хошигнож байгаад үддэг сэн чи... гэсэн мөртүүд шууд л ороод ирсэн юм. Энэ яг миний амьдралд байдаг зүйл мэт нүдэнд буусан. Би Ц.Энхманлайгаас бачимдаж бачуурсан мэдрэмжийг илэрхийлсэн хүнд рок маягийн ая хийхийг хүссэн байдаг. Гэтэл маш дээгүүр өнгөтэй хийчихсэн байсан. Тэгэхээр нь ярилцаж байгаад арай доод өнгө рүү оруулсан. Гэхдээ энэ дуу гитартай маш сайхан зохицсон аятай” хэмээн ярьжээ. Харин Ц.Энхманлай аян дээрээ 14 хоногийн турш ажиллахдаа хоёр ая зохиосон байна. Түүнээсээ нэгийг нь Х.Лхагвасүрэнд сонсгоод дуулуулжээ. Тэгтэл Х.Лхагвасүрэн үг нь хэт хөөрөгдсөн, хийсвэр байна гэж үзээд өөрийн саналаар зарим хэсгийг нь сольсон байна. Ингээд дуу ч бэлэн болж Д.Чинзоригт сонсготол дуу эхлэхээс дуусах хүртэл нулимстай сонссон гэдэг.