Аян замд ч барилдаж түрүүлсээр явлаа
Өнөөдрийн Хууч
2023-12-18
1964 оны долоодугаар сарын эхээр нутагтаа очиж ээжтэйгээ уулзан, ээжийнхээ дэргэд, жижиг бор гэртээ хэд хоног хэвтэж сайхан амарлаа. Ээжтэйгээ хоёулаа чөлөөтэй ярилцаж, ээж хот орж эмнэлэг сувилгаатай газар амьдрах, эсвэл би нутагтаа очиж сумандаа багшлаад ээжийгээ асрах тухай хоёул сайн ярилцаж, эцэст нь ээж минь Улаанбаатарт шилжин очиж амьдрахаар болж билээ. Ийнхүү ээжтэйгээ уулзаж сэтгэл сэргэсний дараа шуудангийн машинаар Улаанбаатар хотыг зорив. Замдаа Баянхонгор аймгаар дайрахад Өлзийт сумын төв дээр олон хүн цугларч наадам болж байлаа. Би шуудангийн машины жолооч болон зорчигчдод учирлан энэ наадамд барилдмаар байгаагаа хэлэхэд тэд бүгд зөвшөөрч “Чамайг энэ наадамд барилдаж байх хооронд бид голын зүлгэн дээр айраг ууж, тоос шороогоо сэгсрэн хонь худалдаж авч хоол хийж идэцгээнэ. Зовох юмгүй сайхан барилд. Харин заавал түрүүлнэ шүү” гэж захилаа. Бөхийн цэцэд очиж, барилдах хүсэлтэйгээ хэлэхэд зөвшөөрөв. Тэр сумын бөх Пүрвээтэй танилцаж хамт морь унан хурдан морины уралдаан үзлээ. Удалгүй "Х.Баянмөнх заан зүүн талын засуул дээр гараарай" хэмээн зарлаж байна. Баруун гарт өмсдөг, дотуур ордог, жижиг биетэй нэлээд хөдөлгөөнтэй бор залуу сүүлийн дөрөвт үлдэхэд Өлзийтийн бөхчүүд их эмээж байна. Үлдсэн гурван бөхийн хоёр нь надаас ахмад хүмүүс байсан тул би тэр залуу бөхийг амлаж аваад хөлийг нь авч хөнгөхөн өргөөд зөөлөн тавьчихлаа. Ингэж тэр наадамд түрүүлчихээд Улаанбаатар хотын зүг хөдөлж билээ. Хожим танилцахад тэр өмсдөг бор залуу бөх маань Спортын гавьяат мастер Ц.Нацагдорж байж билээ.
Х.Баянмөнх. “Хагас зуун жилийн ганцаардал... МИНИЙ ЯЛАЛТ” ном. 2008 он. 220-221 дүгээр тал.