Улсын наадамд анх түрүүлсэн минь
Өнөөдрийн Хууч
2023-12-15
Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн дурсамж
“1968 он гарлаа. Биеийн жин 98 кг-аас буухгүй болов. 12-14 км кросст гүйдэг, 150 кг жингээр хөл дээрээ таван удаа босч чаддаг, 150-200 кг-аар гурван удаа хэвтээ шахалт хийдэг боллоо. 1967 онд төрсөн хүү, түүний эгч хоёр хоёулаа нялх. Түлээ, нүүрс энэ тэр гээд ахуйн бэрхшээл мундахгүй. Энэ бүхнээ Хотын гүйцэтгэх захиргааны орлогч дарга Балжиннямд хэлж, байр сууц олгож өгөхийг нэг удаа гуйлаа. Тэр дарга надад тун товчхон хариулт хэлж билээ. Тэр нь юу вэ гэвэл “Улсын наадамд түрүүлчихээд хүрээд ир. Тэгвэл сууц бэлэн” гэсэн юм. Нэг бодлын шулуун шударга сайхан хариулт байлаа. Наадам дөхөөд ирэхэд чөлөөтийн цугларалтаас бөхчүүд буулаа. Би наадмын бэлтгэлээ Тэрэлжид Ж.Хайдавтай хоёулхнаа хийв. Улсын баяр наадмаас өмнө Төв цэнгэлдэхэд нэг томоохон барилдаан болоход би түрүүлсэн юм. Миний гол өрсөлдөгч Ж.Мөнхбат надтай таарсангүй. Тэр жил бид хоёр ердөө гуравхан удаа таарч барилдсан байв.
1967 онд гэнэ алдаж улсын наадмын түрүүг алдсандаа сэтгэлдээ шархтай явсан өдрүүд ард хоцорч, 1968 оны наадмын өглөө Тэрэлжээс Ж.Хайдав бид хоёр Улаанбаатар луу явах гэж байлаа. Тэр жилийн наадмын түрүүг авах гэж би биеэ бүтэн жил бэлдсэн байв. Энэ удаад Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан, доктор Намнангийн Цэдэв бид хоёрыг өглөө ирж авах ёстой. Найз маань ч цагтаа ирлээ. Мал эмнэлгийн лабораторийн тоноглолтой ГАЗ-51 машин байна. Тэрэлжээс давхиад Туул гол гаталж яваад голын яг дунд машин унтарлаа. Тэр үед гүүр байхгүй, машин тэрэг ч тун ховор байсан юм. Сэтгэл зовж эхэллээ. Сайхан найзтай байх сайхаан. Цэдэв маань жолооч руугаа бараг л санаатай үйлдэл гэх нь холгүй бухимдаж байна. Ж.Хайдав түрүүлэх зорилгыг минь мэднэ. Жолооч хүнд араанд нь хийгээд манивалдаад байвал гарчих байх гэж байна. Хайдав, Цэдэв хоёр сонсов уу, үгүй юу өчүүхэн ч эргэлзэлгүй ус руу орлоо. Намайг хамгаалж, бэлтгэлийг минь хөсөрдүүлэхгүй гэсэндээ тэр. Би өөртөө ч, нөхдөдөө ч санаа зовж, хамгийн түрүүнд Борхайрхан уул, Жимбэ дэдээ хоёроо бодож байв. Машин сөөм сөөмөөр урагшилж байна. Тэгсээр байгаад дэнжийтэл гаргаад ирлээ. Би ч, жолооч ч баяртай байна. Ялангуяа Хайдав, Цэдэв хоёр биднээс ч илүү баяртай байлаа. Ийм сайхан нөхдөөрөө бахархахгүй бол хэнээр бахархах юм. Машин ч аслаа. Бид давхисаар гэртээ ирэхэд гэргий Дэжимбээ маань хоол цай, дээл хувцас жин тан болгожээ. Бөхийнхөө ёслолыг үйлдчихээд хоолоо идээд талбай руу яаравчиллаа.
Хүсэн хүлээсэн наадам ч эхэллээ. 11-нд нэг, хоёрын давааны учраагаа унагалаа. 12-нд гурвын даваанд Догсом, тавын даваанд Баянхонгорын бөх, улсын начин Баасанхүүг хаяад зургаагийн даваанд гурван бөхөөс ам авлаа. Нэр сонсоход улсын заан Ө.Эрдэнэ-Очир, Г.Дэмүүл, улсын наян Ж.Хайдав байлаа. Би Ө.Эрдэнэ-Очиртой олон удаа барилдсан. Байнга тунадаг. Ж.Хайдавтайгаа хамт бэлтгэл хийчихээд ирсэн байдаг. Ингээд Г.Дэмүүл заантай үзье гээд амлаж авлаа. Гэтэл заан нэлээд дургүйцэж, шар нь их хөдөлсөн юмдаг. Миний дэргэд Г.Дэмүүл заан Ламаажав, Манлайжав нарт “Цаад муу дөрвөд чинь амлаж. Надад 128 кг жинтэй зовлого байна. Хичнээн бяртай ч аваад хаячихгүй биз. Нар жаргатал зуурна даа. Наад шуудагны уяа чангал. Хуруу битгий хэл хумс орохгүй болтол зүүн шуудгийг Ламаажав, баруун шуудгийг Манлайжав чангал” гэж байна. Тэгээд зодоглож гүйцсэнийхээ дараа над руу хандан “Хойтон жил дахиад авахгүй болтол чинь зуурна даа” гэж байна. Би дуугүй л байлаа. Би бас Г.Дэмүүл гуайг эхэндээ ширүүн боловч сүүлдээ сайхан сэтгэлтэй, цайлган хүн гэдгийг гадарлаж байлаа. Ингээд талбайд гарч барилдаж эхэллээ. Нэлээд удлаа. Үнэхээр жин ихтэй нь мэдэгдэж байсан. Нэг халаад суйлчих гээд болсонгүй. Ингээд цаг шахуу ноцолдлоо. Ялимгүй зай гарахад хуруу хумс орохгүй зүүн шуудагнаас нь баруун гараараа тагаж аваад халз дэгээдээд би давлаа. Г.Дэмүүл бид хоёрыг барилдаж байхад долоогийн даваа эхэлж, надтай барилдах улсын арслан Л.Сосорбарам тунаж үлдчихээд хүлээж байсан юм. Би туг тойрчихоод талбай дээрээс эргээд засуулдаа хүрч, барилдахаар арслантай өрж эхлэв. Сосорбарамтай өрж байхдаа тактикийн барилдаан хийхээр шийдэж элэг бүснээс нь барьчихаад гараа амрааж эхэллээ. Өөрөөр хэлбэл Дэмүүлтэй барилдсан ядаргааг арилгаж, гарынхаа цуцааг гаргая. Ж.Мөнхбаттай барилдахад биеэ бэлтгэх нь зөв гэж үзсэн юм. Би барилдаж байхад Д.Дамдин аварга Ө.Эрдэнэ-Очирыг авч би Ж.Мөнхбаттай туналаа. Ингээд Дэмүүл, Сосорбарам, Мөнхбат гуравтай дараалан барилдах ээлжтэй болов. Мөнхбатыг харахад ийш тийш яваад л тогтож ядан байсан. Тэр үед би биеэр, Мөнхбат маань сэтгэлээр ядарч байгаа гэдгийг ойлгож байсан юм. Арслантай их догшин биш тайван барилдсаны дараа миний бие амраад, гар маань барьц барихад сайхан боломжтой боллоо. Нийтдээ дөч орчим минут болж байгаад солгой золгон давхар ачих мэхээр Сосорбарамыг давлаа. Л.Сосорбарам, Ж.Мөнхбат хоёр их дотно нөхөрлөдөг болохоор тахим авах үедээ өөрийн засуул Сүхбаатарт хэлж байгаа маягаар чангахан дуугаар “Өнөөдөр ч миний хоёр гар барьж барахгүй боллоо. Одоо Мөнхбаттай атгалцах юмгүй болчихлоо” гээд тахимаа авлаа. Тэр үгийг засуул Сүхбаатарт биш үнэндээ Мөнхбатад арслангаар сонсгох гэж тэр шүү дээ.
Наймын давааны барилдаан шуурхай эхэллээ. Мөнхбат аварга шууд дайрч эхэллээ. Эхлээд хоёр тахимаар хамж гүйлээ. Тэгэхээр нь дарж тогтоохдоо би хав дөрвөлжин золголоо. Аварга дэгээдлээ, намайг. Дэгээнд цахалдаад тогтохтой зэрэг дэгээгээгээ мулталж давхар ачсан. Иймэрхүү мэх нэлээд хийлээ. Давхар ачаанд тэвдсэн ч үгүй, давхар сүлжээд дарчихлаа. Ингэж Мөнхбатыг хаясан. Хожим сонсоход аварга уначихаад Сосорбарам арслан дээр очоод “Чи гар нь эцсэн гэж худлаа ярилаа. Яагаа ч үгүй байна” гэж байсан гэдэг юм. Есийн даваанд дархан аварга Д.Дамдинтай барилдаж, солгой хөлийг нь хонгодож өргөөд унагасан. Ингэж Ардын хувьсгалын 47 жилийн ойгоор улсад анх удаа түрүүлж, аварга цол хүртсэн юм. Наадмын барилдаан үзэж суусан үзэгч түмэн, бас бөхчүүд миний талаар урам нэмсэн сайхан үнэтэй сургаал өгч байсан юм билээ. Хожим ам дамжсан яриа сонсоход дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Б.Түвдэндорж “Тун их ухаан зарахгүй бол Х.Баянмөнхийг хаяна гэдэг Ж.Мөнхбатад их зовлонтой болжээ. Дархан аварга Ж.Мөнхбат “Баянмөнхөд ойчлоо гэхэд хэн ч харамсахгүй биз ээ”. Улсын нэрт засуулч Лхүгдэв “Өвдөг шороодолгүй таван жил дараалан түрүүлсэн хоёр дархан аваргыг дараалан давна гэдэг тийм ч амархан хэрэг биш ээ. За тэгээд Х.Баянмөнх гэдэг алдарт аваргын үе эхэлжээ” гэсэн яриа хөөрөөтэй наадам өндөрлөж билээ.”
Х.Баянмөнх. “Хагас зуун жилийн ганцаардал... МИНИЙ ЯЛАЛТ” ном. 2008 он. 290-301 дүгээр тал.