images

Дуучин болсон минь


БНМАУ-ын Гавъяат жүжигчин, дуучин Д.Банзрагч асны дурсамж яриа

   “Би нэгэн удаа тээвэрт яваад буцаж ирэх замдаа нэгэн албаны эрхэмийг Баянхонгороос хот руу авч явах болдог юм. Тухайн үед би олны ярьдагаар "Ганзагын нэг" буюу Шатахуун тээврийн 1-р авто баазад тээврийн жолооч байсан үе. Тухайн үед хөдөө гадаа албан томилолтоор яваа албаны улсууд тээврийн машинаар юм уу, шуудангийн унаагаар зорчдог байсан цаг л даа. Тэгтэл санаандгүй байсан нэг шар авгай орж ирэн хэн мэдэх вэ, ямар нэгэн яам гэсэн тамгатай томилолт болон зам явахаа үзүүлээд сууснаа “За явах уу даа, хоёулаа гэхэд нь гайхан “Дахиад нэг хүн авах ёстой гэвэл нөгөө авгайСанаа зоволтгүй ээ, эгч нь хоёр хүнээр бөглөөд өгнө гэснээр хоёулаа замдаа шуударлаа даа. Хөдлөөд үл таних авгайгаас нэг хэсэг гэрэвшин таг дуугүй урдах замаа ширтэн явснаа, төд удалгүй бие тайвширч сурснаараа дуугаа дуулсаар зам хороож эхэллээ. Нөгөө авгай чимээгүй л сонсоод яваад байх юм. Юм ч ярихгүй юм. Би ч нэг хэсэг ганцаараа баахан дуулж явснаа яриа өдөн:

-Эгч ээ, та нэг дуулаач, хол замд дуу дуулах ч сайн хань болж, зам амархан хоргоддог юм хэмээн үг өдвөл нөгөө авгай чинь:

-Хүүгийн алдар хэн бэ? Чи их сайхан дуулах юм аа гэхэд нь аманд орсоноор нь:

-Би ч энэ дөрвөлжин дотроо л Норовбанзад шүү дээ гэвэл нөгөө авгай үл ялиг мушиймар аядсанаа:

-Хүү чи үнэхээр сайхан дуулах юм аа, ер нь дуулъя гэж боддог уу?

-Бодоод л, бодлоо биелүүлээд л дуулаад яваад байгаа юм биш үү гэж адайрлаад нөгөө авгай ч дахиж юм ярьсангүй, би ч мөн ярисангүй, дуугаа дуулсаар Улаанбаатарын бараа харсаны нөгөөдөр даваа гаригийн өглөө бааз руу явах гээд гартал баазын даргын ГАЗ-69 гэрийн гадаа яаравчлан ирж зогссоноо дотроос нь баазын ҮЭХ-ны дарга өөрийн биеэр гарч ирлээ. Тэгээд “За чи чинь ямар хэрэг тарьчихаа вэ? Чамайг тээврийн яаман дээр яаралтай ир гэсэн дуудлага ирээд байна. Юу ч гэсэн наад хувцас хунараа солиод, хурдхан шиг хүн шиг хувцаслаад яам ороодох, түргэл түргэл хэмээн шавдуулсаар би ч бас ямар хэрэгт орооцолдчих нь энэ вэ гэж дотроо сандарсаар эргэж орон хувцасаа солиод гарч ирвэл ҮЭХ-ны дарга таван шарын автобусны буудал дээр бууж үлдэн, жолооч доо “Наад нөхрөө алдчихав аа, яг яамны боловсон хүчинд хүлээлгэж өгнө шүү” гэсээр үлдлээ. Баазын даргын жолоочоос асуувал “Ёстой чөтгөр бүү мэд, гэнэт л ҮЭХ-ны дарга шуурхай дуусгалгүй гүйж гарч ирээд л шуураад унасан. Энэ ч нилээд өндөр авсан хэрэг мандсан байх аа даа, дүү хүү” гэж өвгөжөөр жолооч ах хэлсэнээ тээврийн яаман дээр /Одоогийн СУИС-ийн байранд тээврийн яам өөр хоёр яамны хамт байрладаг байсан юм/ очоод “Чамайг яамны боловсон хүчний даргад заавал хүлээлгэж өгөөрэй гэсэн” гээд оруулж өгөнгүүтээ явж одов. Би ч дотроо бэмбэгнэн юунд орооцолдсоноо ойлгохгүй сандран байхад боловсон хүчний дарга яаравчлан намайг дагуулсаар яамны орлогч сайд дээр орлоо. Сайд “Чи нөгөө Банзрагч уу? За миний машинд суугаад явна даа хө, за түргэл” гэснээр улаан номертой хар өнгийн ганган ГАЗ-Волга-21 машин хөлөглөсөөр хаашааг бүү мэд явлаа. Төд удалгүй 3-4 минут явсаар жолоочийн "Төдөн номерын өрөөнд ороорой" гэсний дагуу заасан өрөөний хаалган дээр тулж ирээд хэсэгхэн зүрхшээж зогссоноо, "За, яавал ч яаг, ямар хэрэг тарьсан биш!" гээд нөгөөх хаалгыг тогшвол “За ор оо, ор” гэх эмэгтэй хүний дуу гарахаар улам ч зориг орон хаалгыг онгойлгон орж очвол хэн байсан гээч? Өнөөх Баянхонгороос хамт ирсэн авгай буюу миний багш БНМАУ-ын ардын жүжигчин, уртын дууч Н.Норовбанзад гуай байж таарсан юм байна. Тухайн цаг үед зурагт радио амьдралд нэвтрээд нэг их удаагүй учир, цаг үргэлж хөдөө гадаа холын тээвэрт явдаг бид мэт нь хэдий завандаа ч тэр зурагтыг нь үзэх вэ дээ. Хааяа нэг радио хүлээн авагчийн уртын долгионоор л тааралдвал дууг нь сонсох учир тэр алдарт их хүмүүнийг амьдаар нь байтугай зурагтаар ч гэгээн дүрийг нь хараагүй учир тэгж хөглөн байж анх багштайгаа танилцсан хэрэг л дээ. Тэгээд Соёлын яам авах гэтэл Тээврийн яам манайх хүнээ өгөхгүй гэж булаацалдаад Н.Норовбанзад гуай Улс төрийн товчоогоор танил талаараа хөөцөлдөн байж Соёлын яам нь дийлж би гээч хүмүүн УАДБЧ гэдэг их айлд дагалдан дуучнаар орж уран бүтээлийн гараагаа эхэлсэн дээ.”

Сартуул Б.Бат-Эрдэнэ