images

“Отрын адуучин”


   “Отрын адуучин” дууг 1974 онд Гавьяат жүжигчин Д.Банзрагч дуулж, Монголын радиод бичүүлж байжээ. Энэ дууны аялгууг Г.Чойжилжав, шүлгийг Л.Дагвадорж нар зохиосон юм. Г.Чойжилжав, Л.Дагвадорж нар 1960-аад оны дунд үеэс Улсын ардын дуу бүжгийн чуулгад хамт ажилладаг байжээ. Иймд хамтран уран бүтээл хийх боломж нь илүү нээлттэй байсан гэдэг. Г.Чойжилжав нь 1970-аад оны эхэн үеэс хөгжим бичиж эхэлсэн бөгөөд хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж, Р.Чойдог, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав нарын зохиол бүтээлүүдээс тоглож, хөгжимддөг байсан нь илүүтэй нөлөөлсөн аж. Д.Банзрагчийн дуулснаар ард түмний чихэнд хоногшсон энэ дууг 1979 онд дуучин С.Вандан ятгын намуухан хэмнэлтэй хослуулан тоглож дуулсан байна. Улсын ардын дуу бүжгийн чуулгын их хуурч байсан хөгжмийн зохиолч Г.Чойжилжавын “Энх улирал”, “Малчин ааваа магтан дуулья”, “Сурагч нас минь баяртай”, “Дөрвөн улирлын өнгө”, “Ар хөвчийн намаржаа” зэрэг дууны бүтээлээс гадна ардын гоцлол болон цөөхүүл хөгжимд зориулсан олон бүтээлүүд нь Монголын радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг.