images

Жагарын оронд мөлхөж явсан хоёр их аварга


Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн дурсамж

   “1967 онд би Дэлхийн аваргад барилдахгүй, шууд жин, хүчээ нэмж Олимпод барилдах саналтай байв. Гэтэл Зөвлөлтийн мэргэжилтэн багш “Хүнд жингийн бөхтэй гар золголгүйгээр Олимпод шууд очих нь үр дүнгүй. Нутагтаа бэлтгэл хангах, өрсөлдөх бөх бараг алга. Жин дутуу ч гэлээ Дэлхийн аваргад очиж ганц нэг барилдаж, бас жингийнхээ сайчуудын барилдааныг нүдээрээ үз” гэсэн тул би Жагарын оронд очих багийн бүрэлдэхүүнд багтлаа. Тэмцээн 11 дүгээр сарын 12-124-ний өдрүүдэд Дели хотод болж дэлхийн 20 орны 110 бөх барилдсан юм. Үнэндээ Энэтхэгт очсоныхоо дараа барилдах тухай бодохоосоо илүү яаж харина даа гэж санагдаж байсан юм. Энэтхэг үнэхээрийн халуун газар гэдэг нь мэдэгдэж, бараг хиншүү ханхлаад байх шиг санагдаж байлаа. Өмнөх онуудад Манчестер, Толидод 78 кг-д барилдах гээд жингээ хасахад 82-оос доош буухгүй ядрахын дээдээр ядардаг байсан бол эн удаа 97 кг-д барилдах гээд жингээ овоо ахиулж 95 кг хүргэж ядаж байтал бэлтгэл, халуун хоёрт дорхноо буугаад дөнгөн данган 91 кг болчихов. Нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх, Пан Америкийн аварга, дэлхийн оюутны аварга бөхтэй оноо таарлаа. Жингийн зөрүү илт мэдрэгдэж, сугадан түрэхэд нь арга буюу ухарч, торгуулийн дараа хоёр оноо алдаж ялагдлаа. Гурван дэвжээ өндөрлөөд засчихсан байсан учраас ялагдсаны дараа бага ч гэлээ сэрүүцэхээр дэвжээний доогуурх сүүдэр лүү орох санаатай бэлтгэлийн хувцсаа барьчихсан мөлхөж явтал тэнд бас нэг хүн мөлхөж явсан нь манай Ж.Мөнхбат байлаа. Хоёул уулзаж, нэгийн даваанд хоёулаа Америкийн бөхөд дийлдсэнээ ярьж, тэндхийн халууныг гайхан сууж байсан минь одоо бодоход сонин дүр зураг санагддаг. Энэ тэмцээнд Ж.Мөнхбат маань дөрвөн тойрог барилдаж Швед, Германы бөхчүүдийг цэвэр ялж гуравдугаар байр эзлэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан юм. Түүний авсан тэр хүрэл медаль дэлхийн дэвжээнээс монгол бөхчүүд медаль хүртэж болохын баталгаа, эхлэл болсон түүхтэй юм шүү”.

Х.Баянмөнх. “Хагас зуун жилийн ганцаардал... МИНИЙ ЯЛАЛТ” ном. 2008 он. 285-287 дугаар тал.