images

“Үүлэн цэнхэр хангай”


   Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Үүлэн цэнхэр хангай” дууны түүхийг хүргэж байна. Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Оршихын 1984 оны дөрөвдүгээр сарын 2-нд дуулж Монголын радиод бичүүлсэн энэ дуу анх байгаль хамгааллын сэдэвтэй дууны уралдаанд гуравдугаар байранд шалгарсан юм. Ц.Чинзориг энэ дуугаа Ц.Өлзий-Оршиход “Ганцхан чамд л зориулж хийсэн” гэж хэлээд өгчээ. Тэр үгэнд нь эмээсэн дуучин үг, аятай цаасыг нь биеэсээ салгахгүй ч, дуулж зүрхлэхгүй явсаар байв. Тэгээд 1983 оны хавар үеийн нөхдийн хамт баруун аймгуудад бригадаар явахаар болжээ. Тэд хотоос автобустай хөдөлж Булган аймагт очин, унаандаа шатахуун авахаар зорчигчдыг буулгахад Ц.Өлзий-Орших тэргүүтэй “Газрын жигүүр” киноны Чулуунд тоглодог хөгжимчин Ганбат, Гавьяат жүжигчин Бадам, Мэнд-Амар, Өлзий-Орших нар арын сандалд нуугдаж үлджээ. Жолоочийг банкаа дүүргэж байх хооронд эдгээр нөхөд нэг шил юм тойруулцгаасан байна. Тойруулах явцад Өлзий-Орших “Үүлэн цэнхэр хангай” дууны үг, аятай цаасыг тэдэнд гаргаж сонирхуултал “Яг энэ дууг эгшиглүүлэх нутагт бид нар хэдхэн хоногийн дараа очно” гэцгээжээ. Ингээд автобус ч хөдөлж зам шуудран бригад Булган, Уньт, Тариалан, Хөвсгөлийн Мөрөн, Улаан-Уул, Ренчинлхүмбээр явж тоглов. Нэг удаа Ц.Өлзий-Орших Дархадын алдарт цэнхэр хотгорыг туулжШишгэд голыг гаталж явахдаа уул усны сүрлэг сайхныг бахдаад зориг орж, дуншиж явсан дуугаа дуулахаар эрс шийдсэн гэдэг.