“Хаан загас”-ын орчуулга минь тун дажгүй болсон
Өнөөдрийн Хууч
2023-12-07
Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн орчуулгын тухай хуучилсан нь
“1978 оны сүүлээр би нэг орчуулга эхэлсэн юм. Тэр үедээ ажлын зав чөлөөгөөр хийхдээ хийгээд, орхихдоо орхиж явсаар 1982 онд ном болж хэвлэгдсэн. Зөвлөлтийн зохиолч Виктор Астафьевийн “Хаан загас” гэдэг зохиол. ЗСНБХУ-ы Төрийн шагнал авсан бүтээл л дээ. Тэр үед Зөвлөлтийн намын төв хорооноос манай намын хороонд орчуулбал зохилтой номын зөвлөмж, жагсаалт маягийн зүйл өгдөг байсны дотор В.Астафьев гуайн энэ зохиол байсан юм. Тэр үед би хойноос төгсөж ирээд Гадаад яаманд ажиллаад эхэлчихсэн, Хэвлэлийн газрынхантайгаа хүн амлаж аваагүй зохиол бүтээл юу байна, мэдэж байгаарай гэх маягийн харилцаатай байсан үе л дээ. “Хаан загас” бол орчуулахуйяа нэн бэрх зохиол. М.Булгаковын “Мастер Маргарита хоёр”, Ф.Достоевскийн романуудыг хэцүү л гэдэг юм. Энэ зохиол тэдний дэргэд хамаагүй хэцүү. Хамаагүй хэцүү нь юундаа байна вэ гэхээр В.Астафьев бол Сибирь, Красноярск орчмын нутгийнхаа үг хэллэг их оруулна. Нөгөө үгс нь толь бичигт байхгүй. Гэхдээ ямартай ч зүтгэсээр ард нь гарсан байдаг. Түүнийгээ л би дажгүй болсон гэж үздэг юм. Дажгүй гэж хэлэх шалтгаан бас байна аа. “Хаан загас” бол хүн, байгаль хоёрын харилцааны тухай зохиол юм. Байгалийг зовоож буй хүний үйлдэл дээр хүний жудаг, зан араншингийн эерүү, сөргүү талыг бичсэн эд л дээ. Элдэв нутгийн аялга, үг хэллэгээс гадна лавтай хориод загасны нэр, цэцэг, өвс ургамлын нэр, мөн шувууны арав гаруй нэр гарна. Тэдгээрээс ихэнх нь манай тэр үеийн толь бичигт байхгүй. Энэ мэтийг оноохын тулд үүгээр түүгээр явж, нарийн мэргэжлийн ном сөхөж, шаггүй зовсон байх. Энэ зовлондоо ч биш, ер нь ерөнхий хэл найруулга нь гайгүй болсон гэж үздэг.
Энэ сэтгэл минь эдүгээ жаахан чангарч байгаа. ”Хаан загас”-ыг би “Роман-газета” сэтгүүлийн 1978 оны дугаараас орчуулсан юм. Тэр нь товчлогдсон хувилбар байсан. Хожим 1982 онд гарсан В.Астафьевийн дөрвөн ботиос үзвэл нэг бүлэг нэмэгдсэн байлаа. Тэгээд энэ орчуулгаа хожмын нэг өдөр гүйцээх ёстой гэж үзсээр ирсэн хүн л дээ. Саяхнаас завшаан гарч гүйцээхээр судалж эхэлтэл мань хүний өөрийнх нь баахан тайлбар гарчээ. Өөрийнх нь хэлснээр 1993 онд Красноярскийн хэвлэлийн газраас гаргасан хувилбар харьцангуй бүрэн гэнэ. Бүрэн хувилбарыг нь үзсэн чинь миний орчуулсан хувилбарт тавны нэг орчмыг нь хассан байсан. Ингээд би орчуулгыг нь гүйцээсэн. Үүнийг бүрэн бүтэн болгох гэж цэгцэлж суухад “Энэ нь нэг овоо болж дээ” гэмээр хэсэг орчуулгад маань хэд хэд таарч байлаа”.
Ц.Гомбосүрэн. “Орчуулга тойрсон хууч” ном. 2023 он. 181-182 дугаар тал