images

“Хүн хүндээ хайртай явъя”


   Хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатарын “Хүн хүндээ хайртай явъя” дууг 1989 онд ҮДБЭЧ-ын дуучин Б.Сийлэгмаа төгөлдөр хуур, хийлтэй дуулжээ. Шүлгийг нь Л.Дагвадорж бичсэн байна. Анх энэ дууг Ё.Сүхбаатар Б.Сийлэгмаагийн гэрт нь очоод баян хууртай хөгжимдөж сонсгоод “Чамд л тохирох дуу байна” гээд өгчээ. Түүнээс хойш 20 гаруй жил үзэгч түмний хайртай уран бүтээл болж дуулагдсан байна. Дуу олонд түгж, хүн болгон мэдэх болсны дараагаар Ё.Сүхбаатар нь “Хүн хүндээ хайртай явъя” нэртэй 11 дуутай цомог гаргасан юм. Б.Сийлэгмаа нь “Ханан сүлжээ нэхээс”, “Цэрэг чамдаа хайртай”, “Уянгын хорвоо”, “Сэтгэлийн уянга” зэрэг олон арван уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ. Тэрбээр 2017 онд дуугаа дүрсжүүлэхдээ "Уран бүтээлээрээ нийгэмд дуугарах хэрэгтэй юм байна. Одоогийн нийгэмд хүн хүнээ яагаад хайрлахаа больсон юм бол гэж бодогдсон" хэмээн ярьж байсан удаатай. Улмаар дууныхаа клипний санааг буулгаад, төсөл бичиж олон газраар явсны эцэст "Юнител" компанитай хамтарч, хөгжмийн найруулгыг нь “Чингис хаан” хамтлагийн хөгжимчин Ц.Байдраг шинэчилснээр "Вig" энтертэйнмэнтээр клипээ хийлгэсэн байна.