images

Өнөөгийн Баянхонгор


Баянхонгор аймгийн 10 хоног тутмын “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.Санаадагва сониныхоо нэрийн түүхийг ийн ярив.

   Баянхонгор аймаг 1948 оны тавдугаар сарын 1-нд анх удаа “Лениний зам” нэртэй орон нутгийн сонинтой болж байсан юм. Сонин энэ нэрээрээ 1990-ээд оны эхэн хүртэл гараад нэрээ өөрчилсөн түүхтэй. Ардчилал эхэлсэн хойно С.Зориг, Ц.Элбэгдорж нар аймгийн захиргааны үүдэнд яриа хийсэн юм. Тэгэхдээ “Баянхонгор аймгийн сонины нэр нь хүртэл “Лениний зам” гээд Ленинтэй холбоотой хуучин хэвээр байна” гэв. Яг тэр үед нь ч манай редакцынхан "Cониныхоо нэрийг өөрчилье" гэж ярьцгааж байлаа. Тухайн үеийн манай эрхлэгч нар мэдрэмжтэй улс учраас “Цаг үе өөр боллоо. Манай сонины нэрийг шүүмжлэх нь гарцаагүй” гэцгээж байсан. Ингээд бид аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг явуулав. Ёстой түмэн янзын нэр ирсэн. Тэр дунд аймгийн сониныг “Өргөө” гэж нэрлэх санаачилга хүртэл байсан юм. За тэгээд “Долоон бурхан”-аас эхлээд баян гэдэг үг орсон нэрс олон байна. Тэгээд би бодлоо. Ер нь энэ хэлэлцүүлэгт сонины сурвалжлагч нь өөрөө нэр оруулахад буруудахгүй байх гэж. Энийгээ нэг ахмад сэтгүүлчээсээ асуувал “Чи иргэн юм байгаа биз дээ, санал бодлоо бич” гэв. Тэгэхээр нь өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнд “Лениний зам” нэрээ өөрчлөх гэж байгаа юм чинь гэж бодоод “Шинэ зам” гэдэг нэр бичлээ. Дээрээс нь зам гэдэг үгээ авч үлдэхийг бодсон нь тэр. Ингээд ирсэн нэрүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд миний өгсөн нэрийг сонгов. “Шинэ зам” нэрээр нэг хэсэг явж байгаад эрхлэгч солигдоход манай Дэмбэрэлийн Батжаргал сэтгүүлч сониныг үргэлжлүүлэн авч явахаар болов. Тэгэхдээ “Долоон бурхан” нэрийг сониндоо өгч нэг жил гаруй эрхэлсэн. Үүний дараа 1998-2000 онд нэг хэсэг аймаг сонингүй боллоо. Тиймээс 2000 онд манай буурал эрхлэгч Банзрагчийн Лхамсүрэн Л.Дагийрааз, Ч.Гомбодорж биднийг цуглуулаад “Аймаг сонингүй байж болохгүй. Хэдүүлээ сонин гаргая” гэхэд нь бид зөвшөөрч “Баянхонгорын мэдээ” сониныг эрхлэн гаргахаар тогтов. Ингээд тэр оныхоо 12 дугаар сарын 1-нд анхны дугаарыг нь гаргаж "Баянхонгорын мэдээ" нэрээрээ 2005 он хүртэл гаргасан юм. Гэтэл 2003 оноос бие тэнхээ нь муудаад байсан эрхлэгч маань 2005 онд намайг дуудаж сониноо үргэлжлүүлэн авч явахыг даалгав. Эрхлэгчийг нас барсны дараа сониноо хуучнаар нь авч явах гэтэл хуулиараа нас барсан хүний нэр байдаг сониныг үргэлжлүүлж болдоггүй юм байна. Тиймээс сониныхоо нэрийг солихоор Хууль зүйн яаман дээр очиж “Өнөөгийн Баянхонгор” болголоо. Манай сонины нэр ингэж л “Лениний зам”-аас “Өнөөгийн Баянхонгор” болсон юм даа.