Наймаанд явж буу тулгуулсан минь
Өнөөдрийн Хууч
2023-12-04
Ерөнхий сайд асан Норовын Алтанхуягийн дурсамжаас
“1992 оны зун Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн даргын ажлаа хүлээлгэж өгчихөөд Бээжин рүү наймаанд гарлаа. Анхны наймаагаа би 600 орчим доллартай эхэлж байлаа шүү дээ. Бээжингээс голдуу савхин куртка, янз бүрийн жижиг бараа авсан санагдана. Бүсэндээ паск зүүчихээд л Бээжингийн худалдааны гудамжны хэдэн дэлгүүрээр хэрж өгнө шүү дээ. Бээжин рүү бид хэд хоёр, гурван жилийн хугацаанд нэлээд хэд явсан. Мэндээ Бээжингээс авсан бараагаа борлуулахаар шууд Москвад байдаг дүү рүүгээ явдаг байсан юм. Харин би дүү Отгоо, Цогоо нарынхаа хамт Эрхүүд бараагаа зардаг байлаа. Отгоо Эрхүүд сурч байсан болохоор бас ч гэж дөртэй. Нэг хямдавтар оюутны байр олж, тэр хэд зах гарч бараагаа зарна, би байрандаа бараагаа харж үлдээд дуусахын алдад нь хүргэж өгнө, мөнгө санхүүгээ барина. Тэр үеийн ганзагын наймааны процесс ийм л байсан хэрэг. Ийм байдлаар тэр жил Кызыл, Эрээн, Эрхүүгийн хооронд мөн ч их явсан даа. Харин нэг удаа таксинд буу тулгуулж дээрэмдүүлээд балрах шахсан. Гандуулга бид хоёр зах руу бараа хүргэж өгөх санаатай том хар гахайгаа дундаа хийгээд машины арын суудалд суув. Суухдаа жолоочийн хажууд бас нэг залуу байсныг харсан хэрнээ нэг их юм бодсонгүй. Гэтэл оюутны байр тойронгуут машины бүх хаалга “сап” гээд л түгжигдчихлээ. Тэгэнгүүт жолоочийн хажууд сууж явсан нөхөр эргэж хараад яах ийхийн зуургүй духанд гар буу тулгачихав. Тийм юм үзээгүй хүн чинь балмагдаад хэсэг зуур дуу ч гардаггүй. Овоо хэдэн өдрийн бараа зарсан мөнгө тэр чигээрээ надад явж байдаг. Ямар цоож цуурга муутай оюутны байранд үлдээлтэй биш дээ.
Сэхээ авч хальт мультхан оросоор ярихчаа аядлаа. “Та нар монгол уу?” гэхээр нь “Тийм, тийм. Амьдрал хэцүү байна” энэ тэр гээд л. Гэтэл “Ямар олон үгтэй юм. Алив мөнгөө” гээд буугаараа чичлэв. Би гараа явуулж байгаад паскныхаа урд халааснаас хэдэн рубль авч өглөө. Миний мөнгө их цэгцтэй байдаг болохоор би рубль, доллараар нь ялгаад паскны халааснуудад дэвсгэрлээд хийчихсэн байсан. Жаахан явж байгаад л аргалаад буучих санаатай үг дуугарахаар жолоо барьж яваа зэвүүн царайтай нөхөр “Наадах чинь яасан олон үгтэй монгол вэ? Гар луу нь буудчих” гэхээр нь айгаад дахиад хэдэн рубль өгнө. Тийм байдлаар нэлээд хол явлаа. Дунд нь нэг зогсоод жолооч нь гарч машиныхаа юугаар ч юм оролдоод цааш явсан. Тэгж тэгж нэг голын эрэг дээр ирээд бид хоёрыг хөөгөөд буулгав. Алуулчихалгүй салж байгаа нь зол ч бас гахайтай бараагаа чирээд буулаа. Тэгсэн чинь “Буцаагаад машинд хий” гэж байна. Би Гандуулгадаа “Буцааж хийж яах юм бэ. Онгойлгоод хэдийг өгчихье” гээд гахайнаасаа хэдэн хувцас гаргаад машинд нь хийлээ. Тэд ч хэдэн хувцас хийлгэж аваад хаалгаа тасхийтэл хаагаад давхичихлаа. Араас нь дугаарыг нь харах гэтэл дугааргүй байв. Хашрууд туршлагатай дээрэмчид учраас түрүүн замд зогсохдоо улсын дугаараа тайлаад авчихсан нь тэр юм билээ л дээ. Бид хоёр дундуур гахайтай, дутуу мөнгөтэй ч амьд мэнд салсандаа баярлаж, тэр хавийн айл айлын хаалга нүдэн байж нэг “Нива”-тай хөгшнөөр зах дээр хүргүүлж авсан юм. Дээрэмчдэд багагүй мөнгө алдсан ч бидний наймаа тэгэхэд овоо ашигтай гарсан шүү. Магадгүй гарах ёстой юм нь гарсан ч байж болох юм. Ингэж боддог нь монгол хүний л зан байх даа.
Хожим би Тэргүүн Шадар сайд болчихоод ОХУ-д айлчлан В.Путинтэй уулзаад яявж байхад яагаад ч юм тэртээ олон жилийн өмнөх явдал санаанд зурсхийж билээ. Дээрэмчдийн гарт амь нас, хувь заяа нь явсан жирийн нэг монгол залуу одоо ингээд улсынхаа том албан тушаалыг хашиж, арав гаруй машинаар хамгаалуулаад явж байдаг. Гэтэл намайг дээрэмдсэн хоёр одоо хаана, юу хийж явдаг юм бол доо. Хорвоогийн тоос хөдөлгөж яваа ч юм уу, үгүй ч юм уу. Үйлс цагаан бол амьдралын зам мөр ч ариун байдгийн жишээ ч юм уу даа”.
Норовын Алтанхуяг. “Оргил өөд” ном. 2012 он. 145-148 дугаар тал.