images

“Сэтгэлийн жигүүр”


   “Сэтгэлийн жигүүр” дууны шүлгийг Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, эмч Б.Мангалжав бичжээ. Түүний энэ шүлгэнд 1971 онд хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж ая хийж дуучин Л.Оюунчимэгээр дуулан Монголын радиод бичүүлсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа хөгжмийн зохиолч З.Зундарь тэрхүү шүлэгт ая хийжээ. Б.Мангалжав эмчээс хөгжмийн зохиолч З.Зундарьд "Сэтгэлийн жигүүр" шүлэг “Сайхан аа чи минь” хэмээх дууны үгтэй хамт ирснийг ая хийж, дуучин Б.Баяраагаар дуулуулсан байна. Энэ түүхийг өгүүлбэл, 1973 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагт ороод удаагүй байсан З.Зундарь шар өвчнөөр өвдөж Б.Мангалжавын ажилладаг Халдвартын эмнэлэгт хэвтжээ. Сар гаруйн дараа бие нь сайжирсан тэрбээр эмчийн өрөөнд орж, эмчлүүлсэн тухай тодорхойлолт авах үедээ доор нь байсан хоёр цаасыг хамт авч гарсан нь уг хоёр дууны үг байжээ. Эмнэлгээс гэртээ харьсан хойноо шүлгүүдийг нь үзээд “Эмч надад ая хийгээрэй гэж өгсөн байх” гэж бодоод өнгөрсөн аж. Гэтэл Б.Мангалжав эмч гэргийдээ зориулж бичсэн дууны шүлгүүдээ “Цог” сэтгүүлд хэвлүүлэхээр ширээн дээрээ бэлтгэж тавьсан нь тэр байжээ. Ийм санамсаргүй явдлын дараа З.Зундарь шүлэгт нь ая хийж, “Сэтгэлийн жигүүр” дуу бүтсэн түүхтэй. 

Эх сурвалж: “Өдрийн сонин”-д дуучин Б.Цогтдэлгэрийн 2018 онд өгсөн ярилцлагаас. 

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын рок музей.