images

“Түүнд би хайртай байсан”


   Энэ дууны шүлгийг яруу найрагч Ж.Оюунцэцэг 1973 онд тэрлэжээ. Үүнээс арваад жилийн дараа 1988 онд хөгжмийн зохиолч А.Батсүх аялгууг нь хийж “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин Б.Цогтдэлгэрт өгч дуулуулсан түүхтэй. МУСТА Б.Цогтдэлгэр нь 1990-ээд оны эхээр СУИС-д элсэн орж А.Бат­сүхтэй багш шавь болсон гэнэ. Тэрбээр 2018 онд "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа “Багшийнхаа уран бүтээлийг анх тайзан дээр дуулж байснаа ердөө мартдаггүй юм. Миний хамгийн анх дуулсан, намайг олонд таниулсан уран бүтээл л дээ. Энэ уран бүтээлээрээ олон улсын уралдаанд оролцож тэргүүн шагнал хүртэж байсан түүхтэй” хэмээсэн байдаг. Энэ дуу 1990-ээд оны залуусыг байлдан дагуулж, гадаа гудамж талбай орц гээд дуулагдахгүй газар үгүй байжээ. Улмаар Монголын радиогийн "Ая дууны мэнд" нэвтрүүлгээр байнга захиалагдах болсон гэдэг. 50 шахам дуулагдаж байгааа энэ дууг сүүлд дуучин Э.Төрмандах өөрийн хэв маягт оруулан дуулсан юм. Б.Цогтдэлгэр 1988 онд цэргээс халагдаж Эрдэнэт хотод ирээд “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх “Кума” хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж байжээ. Үүний дараагаар 1990 онд олон аймаг, хотын залуус оролцдог эстрадын дуу дуулаачдын “Одод 90” нэртэй уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж, 1993 онд "Соёл-Эрдэнэ" хамтлагийн албан ёсны гишүүн болсон байна.

Эх сурвалж: "Өдрийн сонин"