images

Маршалд магтуулсан өдөр


Ерөнхий сайд асан Санжийн Баярын дурсамжаас

   “1981 онд Армийн 60 жилээр би ахлах дэслэгч цол хугацаанаасаа өмнө авлаа. Би тэр үед Жанжин штабын дөрөвдүгээр газрын офицер гэх сүрдмээр албан тушаалтай байв. Гэтэл хэрэг дээрээ бол албан тоот, аман ярианы орчуулга хиймэр аяддаг шинельтэй ард л байлаа. 1970-аад оны сүүлээр Хятад-Вьетнамын мөнхийн зөрчил дайн тулааны хэмжээнд хүрэв. Үүнээс болж манайхан ч “ах” нарын зөвлөснөөр армиа томсгож эхлэв. Насанд хүрсэн эрсийг цэргийн албанд хуу татдаг боллоо. “Хаашдаа л татна. Арын хаалга надад үгүй тул эртхэн яваад, эртхэн халагдая” гэж шийдээд би цэрэгт мордлоо. Байлдагч цолтой карантин дээр дэглүүлж байхад Жанжин штабаас хүмүүс ирнэ. “Офицер болох боломж байна” гэж ятгана. Эхэндээ гүрийж байснаа эхнэр хүүхдээ тэжээх цалин, хангамжийг нь бодоод офицер болон улирав. Офицер ч гэж дээ, ясны цэргийнхэн бол мань мэтийгээ “шинельтэй ард” хэмээн ил, далд шоолдог байлаа. Мань мэт ч нэг их гомдоод байхгүй. Үнэн учраас яалтай билээ. Цэргээс эртхэн халагдах, энгийн амьдралдаа эргэн очоод байр сууриа эртхэн олчих байнгын бодолтой явна. Тийм ч учраас цэргийн цол, шагнал сонирхох юм огтхон ч үгүй. Бос гэвэл босно, гүй гэвэл гүйнэ, тушаасныг гүйцэтгэнэ. Ийм байдалтай өдөр хоногоо тоолох шахан байж байтал гэнэт цол ахих нь тэр. Би тэр өдрийг мартдаггүй юм. Ю.Цэдэнбал даргаар эхэлж цэргийн шоронгоор дууссан маш урт өдөр байж билээ.

   Цэргийн баярын урд өдөр, гуравдугаар сарын 17-ны үдээс өмнө Ардын армийн 60 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болов. Маршал Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчоо, нам засгийн удирдлага, ЗХУ-ын хүндэт зочид тэр арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Үзэсгэлэнг МАА-ийн Улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Б.Ёндондүйчир нээж, БХЯ-ны сайд Ж.Авхиа үг хэлэв. Энэ бүхнийг би чанга яригчаар орчуулах үүрэгтэй. Хэлэх үгсийг нь би өөрөө урьдчилан орчуулчихсан учраас торох юмгүй дуржигнуулав. Үзэсгэлэн нээгдэж, дарга нар үүдээр орох гэтэл урд нь явсан Ю.Цэдэнбал дарга гэнэт эргэж харснаа над руу дохих шиг боллоо. Би хоёр нүдэндээ итгэсэнгүй, яахаа мэдэхгүй хөшчихөв. Гэтэл “Чамайг маршал дуудаад байна, очооч” гэж хэн нэгэн хажуунаас минь ёворлоо. Дөхөөд очтол “Авхиагийн хэлсэн үгийг хэн орчуулсан юм?” гэж маршал асууж байна. Дотор палхийгээд явчихлаа. Үүдэнд овоорсон бүгд нам гүм болов. “Би орчуулсан” гэж хэллээ. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “Тэр дружба, спаянная гэж орчуулсан чинь зөв болсон байна. Найрамдал маань гагнагдсан байдаг. “Паять, спаянная” гэх орос үг манай “гагнах, гагнагдсан” гэдэгтэй яг дүйнэ. Сайн байна, дэслэгч ээ. Чамд баяр хүргэе, онож орчуулжээ” гээд над руу гараа сунгаж байна. Гарыг нь атгахдаа би сандарсандаа “Баярлалаа” гэж орхив. Гэтэл Ж.Авхиа генерал хажуунаас нь “Баярлалаа гэнэ шүү. Чамд Монгол улсын маршал баяр хүргэж байна. Монгол улсын төлөө зүтгэе гэдэг байхгүй юу” гээд тас тас хөхрөв. Цугларагсад нирхийн инээлдсэнээр түгшүүрт байдал замхран алга болж, үзэсгэлэнгийн үүдээр бүгд цувран орцгоож билээ”.

С.Баяр. “Жаран хоног, “Жаран”-ы бутархай” ном. 2019 он. 272-273 дугаар тал.