images

Оюу-Од


NTV телевизийн Уран бүтээлийн газрын захирал, сэтгүүлч, хөлбөмбөг тайлбарлагч Л.Оюу-Од манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

   Миний нэрийг аав, ээж, ах гурав маань өгсөн. Анх намайг төрөхөд гурвуулаа жижиг цаасан дээр өөрсдийн өгөхийг хүсэж буй нэрсээ бичээд, саванд хийж гурвуулаа сугалжээ. Гэтэл гурвуулаа ижилхэн Оюу-Од гэдэг нэр бичсэн цаасыг дараалан сугалсан байгаа юм. Энэ нэрийг ээж маань бичиж саванд хийсэн юм билээ. Нэрийг маань ийм ийм утгатай гэж аав, ээж маань нарийн хэлж байгаагүй. Ерөнхийдөө есөн эрдэнийн нэг, үнэт эрдэнэ Оюу болон од шиг гялалзаарай гэсэн утгаар өгсөн. Оюу гэдэг үгийг англиар Turquoise гэдэг. Анх оюу эрдэнийг Оттоманы эзэнт гүрэн олж нээсэн учраас Turkish гэдэг үгнээс гаралтай turquoise гэдэг нэртэй болсон юм байна лээ. Харин Од гэдэг төвөд хэлээр “гэрэл” гэсэн утгатай үг гэдгийг өөрөө интернэтээс судалж мэдсэн. Гэхдээ төвөд үг гэдэг нь эргэлзээтэй л дээ. Харин нэг үнэн зүйл гэвэл санксрит хэлээр “тара” гэдэг үг нь “од” гэсэн утгатай. Тара гэдэг үг нь три буюу гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай гэсэн. Тиймээс Дарь эх гэдэг үгийн цаад санаа нь хорвоогийн зовлонгоос хамаг амьтдыг гэтэлгэн гаргах гэсэн утгатай юм байна лээ.

   Надтай адилхан нэртэй хүмүүс саяхан л 10 хүрдэггүй байсан. 1212.mn сайтаар орж харахад шүү. Харин сүүлийн хэдэн жилд нэлээд өсөж, одоогоор 30 болсон байна. 2018 онд би хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV телевизээр тайлбарласан юм. Тухайн ДАШТ ч гоё болж олон хүн үзсэн учраас тэр байж магад, 2018 онд хамгийн олон буюу шинээр төрсөн зургаан хүүхэд Оюу-Од гэж нэртэй болсон байсан. Бусад жилүүдэд 1, 2 хүүхдэд л жилдээ ийм нэр өгч байсан статистик бий. Телевизээр үзээд “Гоё нэртэй залуу байна” гээд хүүхдүүддээ өгсөн ч юм билүү гэж найддаг юм.

   Миний нэрийг сонссон хүмүүс эмэгтэй гэж бодох нь элбэг. Арван жилд зарим багш нар Оюу гэж дуудахаар их ичдэг байсан. Одоо бодоход Оюу гэдэг ч гоё санагддаг юм. Мөн амаараа нэрээ хэлэхээр Оюун-Од гэж хүмүүс буруу бичих нь элбэг. (Оюун-Од гэж 25 хүн байна лээ) Бас зураастай юу, зураасгүй юу гэж асуух нь их. Сонирхолтой зүйл гэвэл Дархан хотод Оюу-Од гэдэг нэртэй хүүхдийн воллейболын клуб байгуулагдсан байсан. Их гайхсан даа.