images

Xiaomi


   2010 оны дөрөвдүгээр сард Лэй Жун, Лин Бин нар Бээжин хотноо ухаалаг гар утас, хиймэл оюун ухааны төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi” компанийг үүсгэн байгуулжээ. Тухайн үед дэлхийн гар утасны зах зээлд “Samsung”, “Nokia”, “Motorola” ноёрхож байсан тул Лэй Жун хямд төсөр ухаалаг гар утас бүтээхийг зорьж “Google” компанид ажилладаг Лин Бинд санал тавьсан гэдэг. Улмаар тэр хоёр дэлхийн технологийн томоохон компаниудад ажилладаг залууст санал тавин 13-уулаа болоод бизнесээ эхлүүлсэн байна. Лэй Жун анх компаниа “Дами” буюу "Том будаа" гэж нэрлэжээ. Гэвч залуус бизнесээ эхлэхийн өмнө хятадаар Xiao mi zhou гэдэг шар будаатай шөлтэй хоол идсэн бөгөөд тэр хоолныхоо нэрийг компанидаа өгөхөөр болов. Ингэснээр компанийн нэр монголоор “Жижиг будаа” болсон аж. Хятадаар шяо нь жижиг, ми нь будаа гэсэн утгатай юм. Тэгвэл Лэй Жун байгууллагынхаа нэрийн учрыг Буддын шашны сургаал болон Хятадын хувьсгалтай холбон тайлбарладаг байна. “Xiaomi” компани байгуулагдсанаасаа есөн жилийн дараа дэлхийн шилдэг “Fortune 500” компанид багтсан хамгийн залуу компани болсон юм. Мөн өдгөө “Apple”, “Samsung” компанийн дараа орох дэлхийн гар утасны зах зээлийн гурав дахь том компани болжээ.