images

Загас хатаах


   Вьетнамын хөдөө тосгонд загас хатааж байна. Гэрэл зурагчин Кхан Фан Тхи.

   Өдгөө 38 настай Кхан Фан Тхи умард Вьетнамын Тхай Бин мужийн хөдөө тосгоны тариачин айлд төржээ. Тэрбээр 2017 онд нөхрөөсөө салаад сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд энэ байдлаасаа салахын тулд гэрэл зургийн аппарат худалдан авч, эхлээд ойр орчныхоо зургийг, улмаар Вьетнамын хөдөө нутгийн байгалийн сайхан, хүмүүсийн ёс заншил, уламжлал, өдөр тутмын амьдралыг гэрэл зурагт буулгадаг болсон байна. “Зовлонг давж өөрийгөө олон амьдралаа орвонгоор нь өөрчлөхөд минь гэрэл зураг надад тусалсан” хэмээн тэрбээр ярьжээ.   

   Гэрэл зураг авч эхлэхэд ээж нь анхандаа эсэргүүцэж байж. Нар мандах, жаргах, өглөөний шүүдэр, одот тэнгэрийн зураг авах гэж үүр шөнөөр гарч явахад нь түүний ээж хулгай дээрэмд өртөх вий хэмээн болгоомжилж хориглодог байсан байна. Мөн гэрэл зургийн хэрэгсэл үнэтэй тул өчүүхэн бага цалингаа тийм зүйлд зарцуулаад ганц хүүгээ тэжээж чадахгүй болох нь хэмээн загнадаг байжээ. Хоёр жил тууштай зураг авсны дараа бүтээл нь уралдаанд түрүүлж мөнгөн шагнал авах болсноор ээж нь охиноо ойлгож дэмжих болсон гэнэ.

   Вьетнамд эцгийн эрхэт ёс хүчтэй тул эмэгтэйчүүд дуртай зүйлээ хийх бололцоо өнөө хэр хязгаартай. Гэрэл зургаа хаяхгүйн тулд  Кхан Фан Тхи бүсгүй дахиж хүнтэй суухгүй байхаар шийдсэн бөгөөд одоо банкны теллерээр ажиллан сар тутам ойролцоогоор 15 сая донг буюу 600 долларын орлоготой болсон нь хүүхдээ тэжээж өсгөх, зургийн хэрэгсэл худалдан авах, зураг авахын тулд хол ойр аялахад хангалттай мөнгө гэнэ. Сүүлийн үед тэрбээр Вьетнамын олон зууны уламжлалт газар тариалан, мал аж ахуйд хөдөлмөр эрхлэгчид, тэдний ахуй байдлыг агаараас авах чиглэлээр дагнадаг болсон байна. Өнгөрсөн хугацаанд Кхан Фан Тхи “Sonyworld Award”, “Skypixel ”, “Drone Award of Siena” зэрэг олон улсын нэр хүндтэй хэд хэдэн шагналын эзэн болжээ.

   Түүний бусад зургийг үзье гэвэл энэ холбоосоор орно уу. 

Кхан Фан Тхи.