images

Цасаншуурга


"ЖХ Хотын гэрэл" компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсүрэн одоогоос 30-аад жилийн өмнө хэсгийн төлөөлөгч байхдаа цасан шуурганаар нэгэн тулгар эхийг сумын эмнэлэгт хүргэн амаржуулжээ. Тэгэхэд мэндэлсэн хүү Монголд ховор нэгэн нэрийн эзэн болсон талаар хожим мэдсэнээ тэрбээр манай сайтад ийн хуучиллаа.

   1995 онд би дөнгөж сургуулиа төгссөн цэл залуухан хэсгийн төлөөлөгч байлаа. Тэр жилийн өвөл зуд болж би Төв аймгийн Эрдэнэсант сумаас 60 километрийн зайд орших Булган аймгийн Рашаант сум, хуучнаар "Сансар" сангийн аж ахуйд тэжээл хүргэх, зам гаргах дайчилгаанд явсан юм. Булган, Төв аймгийн зааг болсон тэр хэсэг нутаг айхтар цасан шуурга тавьдгаараа цуутай газар л даа. Тэгж явахад Эрдэнэсант сумын Зүрх хайрханы ар бэлд өвөлжиж байсан айлд тулгар эх төрөх дөхсөн тул түүнийг эмнэлэгт хүргэх даалгаврыг сумын Засаг даргаас өгөв. Ингээд бүтэн өдөр, шөнө хоёр цасан шуурган дундуур зүтгэж байж тэр эхийг эмнэлэгт авчирч хэвтүүллээ. Гэтэл тэр явдлаас хойш арав гаруй жилийн дараа 2007 оны үед би тэднийд очиж таарсан юм. Ажлынхантайгаа Булган аймагт зугаалж яваад нэг айлаас хонь авахаар болбол гэрийн эзэн хониндоо явсан хүүгээ "Энэ Зудаа хайччихав. Уг нь хонь ойрхон байсан даа" гээд байх юм. Тэгсэн надтай хамт явсан ах Зуд гээд байгаагийнх нь учрыг асуувал "Тэр жилийн зуднаар төрсөн хүү байгаа юм. Хүүдээ Цасаншуурга нэр өгсөн ч бид товчлоод Зуд гэж дууддаг" гэв. Тэгээд л яриа цааш лавширвал, тэр зуднаар бидний авч аваачсан тулгар эхээс төрсөн хүү байж таарлаа. Юм гэж сонин шүү, нэр нь ч бас үнэхээр содон. Тэр жил зудтай байсан учраас тэднийх өнтэй байсан Зүрх ууланд ирж өвөлжсөн юм билээ. Ингээд бид гэрийн эзэнтэй учраа мэдэлцэж хонь, цагаан идээ бэлгэнд аваад гарсан. Би энэ явдлаа саяхан Фэйсбүүк дэх "Үдийн хачир" группт бичсэн юм. Монголд Цасаншуурга нэртэй хоёр хүн байдаг юм билээ. Миний ярьж буй Цасаншуурга одоо гуч дөхөж яваа залуу байна. Тэгвэл "Үдийн хачир" группийн сэтгэгдэл дотор нэг хүний бичсэнээр бол нөгөө Цасаншуурга нь одоо Дорноговь аймагт амьдардаг, 50 орчим настай хүн гэнэ лээ.