images

“Шанз торгон аялгуу”


  "Шанз торгон аялгуу" дууны шүлгийг яруу найрагч М.Цэрэнтогтох Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн хутагт болоод түүний их хатан Бадамсутайн намтар түүхээс сэдэвлэн бичжээ. Тэрбээр Бадамсутай хатны үзэсгэлэнт төрх, амьдралын замнал, хаан нөхөртөө хань түшиг болж улс даяар алдаршиж байсан түүхийг шимтэн уншаад тухайн цаг үеийн мэдрэмжийг одоогийн бидэнд авчрахуйц дуу хийхээр сэдсэн байна. Тэгээд олон хоног бодож явсаар нэг өдөр ажлынхаа гадаа сурталчилгааны зураг харж зогсохдоо шүлгийн санаагаа олсон гэдэг. Тэрбээр үдийн цайны цагаараа гадаа салхилж байтал нэгэн монгол бүсгүйн зураг хүргэлтийн машин дээр байгаа нь анхаарлыг нь татжээ. Энэ зуур өнөөх санаагаа ургуулан бодож, ардын дууны өнгө аясыг орчин үеийн хэв маягтай зохицуулан Ар, Өвөр Монголын дуучдаар дуулуулж болох юм хэмээн тооцоолжээ. Тэгээд уран бүтээлийн хамтрагч продюсер, ая зохиогч Г.Мөнх-Амьдралд хэрэг зоригоо дуулгасан байна. Ингэхэд Г.Мөнх-Амьдрал ч хэлсэн ёсоор нь ая хийхээр шүлгийг нь авч үлдсэнээр бараг хагас жил болжээ. Энэ хугацаанд хоёр уран бүтээлч хэд хэдэн удаа холбогдсон ч “Арай болоогүй байна” гэж хойшлуулсаар нэг өглөө ая зохиогч, яруу найрагч найз руугаа утас цохиж ажил дээр нь явж очоод бүр өөрөө дуулж өгчээ. Ингээд хэн хэнийх нь сэтгэлд нийцсэн дуугаа Ар Монголын Х.Алтанжаргал, Өвөр Монголын Р.Отгонтуяа нарт хүсэлт тавьж, дуулуулжээ. Харин энэ бүтээл гарснаас багагүй хугацааны дараа дуучин Э.Чулуунчимэг, Б.Алтанжаргал нар дахин хослон дуулж, Youtube-д байршуулсныг 2.4 сая хүн үзсэн байна. Түүнчлэн дууны яруу найрагч М.Цэрэнтогтох гурав дахь бие даасан тоглолтоо “Шанз торгон аялгуу” дуугаар нэрлэж энэ сарын 2-ны өдөр Бөхийн өргөөнд хийсэн юм.

М.Цэрэнтогтох. "Миний 108 дуу" номоос.