images

Баатар


Баянхонгор аймгийн тэмээн тавхай ааруулыг нутгийн брэнд болгон алдаршуулахад хувь нэмрээ оруулж яваа Н.Баатар гуай нэрийнхээ тухай манай сайтад ийн ярилаа.

   Миний дээр хүүхэд эндсэн юм байлгүй. Тэгээд л хүүхдээ тогтоох гэж надад Баатар гэж нэр хайрласан гэдэг. Би чинь дороо 11 дүүтэй хүн. Өдий болтол нэрээ эрэгтэй нэр гэж бодож байсангүй. Нэг удаа хотод үзэсгэлэн дээр зогсож байхад адилхан нэртэй эрэгтэй ирээд асууж байсан, сонин юм билээ. Харин намайг багад буурай ээж минь Борбуухиа гэж дуудна. Миний буурай ээж лут номтой хүн байсан. Уйлж байсан хүүхдийг авахад уйлахаа болино шүү дээ. Бас хүүхдүүдэд бүгдэд нь хоч нэр өгнө. Намайг ажилд шаламгай байсан болохоор Борбуухиа гэж нэрлэсэн нь тэр биз. Биднийг саахалт айлын ингийг сааж өг гээд буурай ээж маань хөөгөөд явуулдаг байлаа. Би ч хар багаасаа л аргал түүж, ингэ сааж, сүүгээ тушаагаад харанхуйд гэртээ буцаж ирдэг байсан. Би чинь бас залуудаа орсон буур барьж авч, атнуудыг хооронд нь зодолдуулж явлаа. 47 настайдаа долоон залуу бүсгүйтэй ойрын зайд гүйж түрүүлж ч байв. Миний талийгаач ханийг Жуков гэдэг байсан. Нэрийнх нь учрыг сайн мэддэггүй юм. Бид хоёр 1980-аад оны эхээр Богд суманд танилцсан юм. Жуков маань тракторын жолооч учраас манай сумын төв дээр ирсэн нь тэр байж л дээ. Би сумын төв ороод гэртээ буцахдаа тракторт нь дайгдаж яваад анх нэгнээ мэдэлцсэн. Тэгээд айл болоод 1984 онд Баацагаанд шилжиж очсон юм даа. Манай хүн Баянхонгор аймгийн хангайн сумын хүн байсан бол би Баянхонгорын говийн сумын хүн юм.