images

Санаадагва


“Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч, СГЗ П.Санаадагва нэрийнхээ тухай манай сайтад ийн ярилаа.

   Миний нэр сонин түүхтэй. Уул нэр нь Санаадагва биш Санвуйдагва юм. Нууцын эзэн гэдэг утгатай төвөд нэр л дээ. Нууцыг бол чанд хадгална. Миний нэрийг гүр дууны эх орон Баянхонгорын Галуут сумын Чин сүжигт Номун хааны айхтар том лам нарын нэг, миний аавын найз Ёнхор Гэндэн гуай өгсөн. Тэр хүн бол шашин шүтлэг хаалттай байсан тэр цагт өвчтэй хүний дүрд хувилан ном уншдаг байсан хүн юм. Одоо энэ Баянхонгорын Гандан байгаагийн тэнд овоо босгочхоод цам харайдаг. Тэгэхдээ өвчтэй хүн болж өөрийгөө халхавчлаад гарна. Гимнастик харайж байгаа хүн аятай цамын бүжиг хийж тэр үед шашнаа тасралтгүй авч явжээ. Өөрөө дэлгүүрийн манаач хийж байсан, түүний орчин тойронд хулгай зэлгий гарна гэж үгүй, сүрдэм өндөр бараан хүн байлаа. Би 1965 онд сургуульд оров. Миний анхны багш Буян-Өлзийн Амгалангийн авгай Ядамжавын Баасан гэж надад анхны А үсэг заасан багш минь миний нэрийг Пагвын Санаадагва гээд биччихсэн. Түүнээс хойш тэр чигээрээ Санаадагва боллоо. Бүх бичиг баримт энэ нэрээр явдаг. Гэхдээ миний нэрийг сольсонд багшдаа гомдох юм надад байхгүй. Нэр буруудаагүй гэж би боддог. Энийгээ би Г.Занданшатар даргад дурссан чинь “Анхны нэрээ аваач, та” гэж байна лээ. Одоо нэрээ соливол бүх юм солигдож дараа болно. Миний мэдэхээр Санвуйдагва гэж хоёр хүн байна. Нэг нь одоо Архангайн Өгийнуурт бий. Би Архангайн багшийн сургуулиас 1975 онд цэрэгт татагдаад очтол бага дарга боллоо. Карантин дээр шинэ цэргүүд авсан чинь миний салаанд Архангайн Өгийнуурын Санвуйдагва гэдэг цэрэг ирсэн юм. Бид хоёр хааяа ярьдаг юм. Тэр маань Өгийнууртаа даатгалын ажил хийгээд байж байгаа. Харин нөгөө Санвуйдагва нь би.

   Редакцаас: Өнөөдрийн байдлаар манай улсад Санаадагва нэртэй хоёр хүн байна. Түүний нэг нь сэтгүүлч П.Санаадагва юм. Харин түүний анхны нэр болох Санвуйдагва нэртэй ганц хүн байна. Тэр нь Архангай аймгийн Өгийнуур сумын иргэн Санвуйдагва ажээ. Сэтгүүлч П.Санаадагва Монголд ганцхан байдаг нэр нэгттэйгээ аль 1970-аад оны дундуур танилцаж өнөөг хүртэл холбоотой байгаа азтай нэгэн юм.