images

Дэвээжаргал


Сэтгүүлч М.Дэвээжаргал манай сайтад нэрийнхээ тухай ярилаа.

   Мэндчулуун, Ховд аймаг, Дөргөн сум, Хар-Ус нуур. Намайг дагуулж явдаг нэрс ийн хөвөрнө. Одоо бол Дэвээжаргал гэх хүн манай улсад би л байх шиг байна. Энэ нэр хорвоод ирэхийг минь хоёр жил хүлээсэн юм. Учир нь нутгийн нэгэн номтой хүн аав ээж хоёрт “Ууган хүүхдэдээ Дэвээжаргал гэдэг нэр өгөөрэй” гэж хэлсэн юм билээ. Харин эрэгтэй хүүхдэд өгөхөд тохиромжгүй байсан тул хүлээж байгаад надад шивнэсэн гэсэн үг. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг хүн өөрөө олдог боловч дуудуулах нэрээрээ ерөөгдөж орчлонг туулдагт би итгэдэг. Арван жилдээ өөрийн нэрийн утгыг тайлбарлаж чаддаггүй, хүмүүс өөрсдийн хүсснээрээ л тайлцгаадаг байсан. Дэвээ гэдэг нь төвдөөр “тэнгэр, эзэн” гэсэн утгыг илэрхийлнэ хэмээн хүний нэрийн тайлбар тольд бичсэн байдаг. Тэгж гүн хүлээж авах шаардлагагүй ч үүнийг олж мэдсэн цагаас тийм мөн чанар, оршихуй надад бий гэж итгэх болсон. Итгэл гэх зүйл оргүй хоосноос үргэлж ямар нэгэн зүйлийг ургуулдаг шүү дээ. Гэхдээ аавынхаа хэлдэг “Дэвэн дүүлэх шиг жаргалтай амьдраарай” гэх тайлалд илүү дуртай. Зарим хүнд миний нэр их байж боломгүй сонсогддог шиг байгаа юм. Нэг удаа бүр “Дэгээжаргал” гээд биччихсэн байсан. Багадаа хөгшин хүний нэр шиг гэж боддог байж. Одоо бол өөрчлөгдсөн.