images

Д.Нацагдорж минь ийм хүн байлаа


Ахмад зохиолч Өөлдийн Чимидийн дурсамж

   Нөхөр Д.Нацагдоржийг хувьсгалаас өмнө зүс таних төдий явсаар 1921 оны долдугаар сард бие тулж танилцсан юм. Тэр үед нөхөр Д.Нацагдорж Цэргийн яамнаа бичээчийн алба хааж байв. Тэрбээр бие нарийхан, нуруу тэгш шулуун, царай цагаан, үс хөмсөг хар, гар хуруу тэгш, гуалиг царайлаг залуу байсан юм. Монгол дээл голдуу өмсөх боловч мөн европ хувцас холимог хэрэглэдэг. Жишээлбэл зангиатай цамцан дээр монгол дээл өмсч явна. Савхин гутал өмсөнө. Сүүлийн үед үргэлж бүрх малгай өмсөж явах болсон. Бас цэргийн хувцас хааяа өмсөнө. Тэгж явахдаа хувцас нь цэвэр бөгөөд ямар хувцас боловч биедээ тохирсныг эдэлнэ. Тэр үед тамхи татах ба архи уухгүй, арван долоо, найм орчим насны, дунд зэргийн биетэй байсан бөгөөд хорин хэдэн насны үед цэцэг өвчний уршгаар нүүр нь цоохор болж бяцхан өөрчлөгдсөн юм. Д.Нацагдорж 1929 оноос эхлэн уран зохиолын ажилд ихээхэн шургуугаар ажиллаж ирэхдээ “Миний нутаг” гэдэг алдарт шүлэг ба бусад өгүүллэг, найруyлал нилээд олныг бичсэнийг хүн бүр мэдэх тул давхарласангүй. Гагцхүү “Миний нyтaг” гэдэг шүлгийг анх уран зохиолчдын санд олж авсныг ярих хэрэгтэй байна.

   1929 онд Улаанбаатар хот дахь Лениний нэрэмжит клубт Монголын уран зохиолчдын хурал хурaлдaж нөхөр Нацагдоржийг холбооны даргаар сонгож бусад тэргүүлэгчид Ц.Дамдинсүрэн нарын зэрэг хэдэн хүний бүрэлдүүнтэй сонгосон юм. Дараагаар нь Ц.Дамдинсүрэн даргаар томилогдсон ч удалгүй гадаад улсад явах болж зохиолчдын холбооны бүх бичиг хэрэг болох нэгэн хар хавтаcтай юмыг надад үлдээсэн бөгөөд түүнд нэлээд гар бичмэл байсны дотор “Миний нутаг” гэдэг шүлгийн зэрэг хэдэн зохиол байсан юм. Тэгээд нөхөр Д.Дамдинсүрэнгээс хэлсэн нь: “Манай уран зохиолын санхүү болох 500 төгрөг байx учиртай. Гэтэл Д.Нацагдорж хувьдаа зарцуулжээ. Одоо Д.Нацагдоржоос тэрxүү 500 төгрөгийг төлөх чинээгүй, миний зохиосон энэхүү “Миний нутаг” гэдэг шүлгийн цоморлигийг авна уу гэсэн тул уг шүлгүүдийг уншиж үзвэл нилээд сайн чадалтай зохиосон тул 500 төгрөгтөө бодож авч, тэрхүү 500 төгрөгийг Д.Haцагдоржоор төлүүлэхийг байлгахаар зохих газар xэлбэл 500 төгрөгийн үнэтэй авахад татгалзахгүй гэж зөвшөөрөв” гэлээ. “Миний нутаг” гэдэг шүлгийн зохиол анх уран зохиолчдын шинэ соёлын өвд орж ирсэн үнэн түүх ийм юм. Тэгээд энэхүү “Миний нутаг” шүлэг нь намын есдүгээр их хуралд намын төв хорооноос тавьсан соёл боловсролын илтгэлд сайшаагдан opж батлагдсанаас хойш энэхүү шүлгийн алдар ихэд дэлгэрч ард түмэн сонирхон сонсох, унших болсноос гадна жүжигчин Дамдинбазар гэгч хуучирт оруулж аялгуутайгаар уг шүлгийг уншиж ард түмний сонирхлыг ихэд татаж зарим сонсогчид уйлах, дахин дахин хэлүүлэхийг шаардах буюу улсын их баяр ёслолын дайллага, гадаадын зочдыг дайлах дайллага дээр Дамдинбазарыг хуучрын хамт ирүүлэн шүлгийг уншуулахад гадаад дотоод хэн боловч сонирхохгүй өнгөрч байгаагүй юм.

   Нөхөр Д.Нацагдоpж Шинжлэх уxaaны хүрээлэнд шилжиж ажилласнаас хойш эх орны эрдэм шинжилгээний ажлыг ихээхэн сонирхож Монголын эртний үеийн түүхийг ихээхэн судлах болсон тул гадаад хэлэн дээрх Монголын түүхийг орчуулax ажлыг хийсэн юм. 1933 онд Монголын эртний үеийн товч түүхийг бичихэд Грумм-Гржимайло, Владимирцов нарын бичсэн Монголын эртний түүхийг орчуулж өгч уг түүхийг зохиоход ихээхэн туслалцсанаас гадна дотоод яамны төв сургуульд Монголын түүх зааж, тэр заасaн их хичээлээ товчлон хураангуйлж хэдхэн хуудсанд багтаан яруу найргаар бичиж “Манай Монгол улс маш эртний улсаа...” гэж эхлээд дуусахдаа “...түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ” гэж дууссан юм. Д.Нацагдорж хорин хэдэн настай байхдаа Пагмадуламтай анх гэр бүл болсон боловч сүүлдээ тохирохгүй болж салаад нэrэн орос эхнэр авч гэрлэсэн юм. Тэгээд хоёр биедээ харилцан маш янаг хайртай бөгөөд үнэхээр сэтгэлээр ханилсан хүмүүс байcaн юм. Гэрт нь очиход хоёул зан сайн, ирсэн хүнийг боловсон байдлаар хүндэтгэх зочлох, гэрийн дотоод байдал боловсон цэвэр, тэр хоёул эвтэй, уйтгар гуниг байхгүй, эгшигт хайрцаг тавьж сонсох, бүжиг хийх зэргээp үргэлж баяр жавхлантай хөгжилтэй байхыг олон удаа үзэв. Орос эхнэр нь Нацагдоржийн архи уухыг хориглоход үгэнд нь тэр дуртайяа орж, мөн эxнэp нь түүний олсон цалин мөнгийг гардан хадгалж илүү зардалд үрүүлэхгүй арвилах хэмнэх зэргээр гэрийн аж амьдралыг засаж сайжруулж байлаа. Гэтэл 1936 онд Д.Нацагдоржийн орос эхнэрийг гэнэт албадан салгаж нутагт нь явуулснаас хойш тэрбээр үргэлжийн гунигт байдалд орж царай зүс алдаж согтууран явах болсон зэргийг сонсож миний бие нэгэн өдөр гэpт нь очвол ганцаар маш уруу царайтай гөлрөн сyyж байхад нь мэндэлж гар барилцан суусны дараа Д.Нацагдорж “Нөхөр чинь эхнэрээсээ амьдын хагaцал болсныг та сонссон биз?” гээд өөр юм төдийлөн ярьсангүй алмайран гуньсан байж билээ. Тэгээд би “Москвад явах болсноо чамд сонсгоё гэж ирлээ” гэхэд тэрбээр, “Сайн байна. Чи орос хэл мэдэх үү?” гэсэнд би “Үгүй” гэлээ. Тэр надад “Орос хэл сурах хэрэгтэй” гэж захив. За тэгээд явахын мэндийг хүргэж гар барилцан салснааc xoйнo дахин учирсангүй. Москвад очсон хойно сонсоход нөхөд Д.Нацагдоржийг архи ууж согтууран яваад гудамжинд нас барав гэж сонсголоо. Ингээд энэ тухай товчлон дурсгаж тэмдэглэх нь, нөхөр Д.Нацагдоржтой 1921 оны ардын хувьсгалын үр ачаар үзэж танилцаж, Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элсэж, мөр зэрэгцэн ажиллаж явснаа санаж, Монголын хувьсгалыи шинэ уран зохиолын санд хувь нэмрээ оруулж хойчийн үлдэх залууст үлгэр жишээ болох сайхан зохиолуудыг үлдээж өгсөн үйл хэргийн том бүтээлүүд нь үргэлж дурсагдаж явахыг дуртган энэхүү бяцхан өгүүллийг бичив.

“Монголын уран зохиолын дээжис–XII боть” номын 388 – 394 дүгээр тал