images

Chanel №5


   "Chanel" хувцас загварын брэндийг үүсгэсэн Габриэллэ Шанэль 1921 онд үнэртний мэргэжилтэн Эрнест Бьюкст даашинзанд нь төгс зохицох үнэртэн бүтээхийг даалгаснаар өдгөө ч үнэртнүүдийн дунд тэргүүн зэрэгт бичигдэж буй 100 жилийн түүхт "Chanel №5" сүрчиг үүсэх эхлэл тавигджээ. Тухайн үед сүрчгийг зөвхөн ганц цэцгийн охиор хийдэг байсан тул "Chanel №5" анхны олон төрлийн найрлага бүхий альдегидтэй үнэртэн болсон түүхтэй. Э.Бьюкс уг үнэртэнг бүтээхдээ тавдугаар сарын сарнай гэгддэг гуравхан долоо хоногийн дотор цэцэглэдэг сарнай, үнэртний орон Францын Гразд ургадаг жасмин цэцэг, зандан модны охь зэргээс ная гаруй үнэр гаргасан гэдэг. Улмаар Г.Шанэлийг илэрхийлэх тэр үнэртнийг бий болоход тэрбээр өөрийнхөө азын тоогоор нэрлэсэн байна. Энэ тухай “Harpersbazaar” сэтгүүлд түүнийг сар бүрийн тавны өдөр шинэ загвараа танилцуулдаг байсан гэжээ. Мөн Э.Бьюкс үнэртэн бүтээх явцдаа дээжийг нь хадгалж байсан хуруу шилнүүд 1-5, 20-24 дугаартай байсан бөгөөд  хатагтай Г.Шанэлийг тав дахь хуруу шилэн дэх үнэрийг таалсан гэдэг. Тэгээд "Би даашинзны цуглуулгаа тавдугаар сарын 5-нд танилцуулдаг. Тиймээс бид энэ үнэртнийг хэдийнэ танил болсон тавын тоогоор нэрлэвэл аз авчрах болно" гэжээ.