images

Сониндумаа


СГЗ сэтгүүлч Х.Цэвлээ манай сайтад “Сониндумаа” номынхоо нэрийн учрыг ярьлаа.

   СГЗ сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ 2019 онд сэтгүүлчээр ажилласан 60 жилийн хөдөлмөрөө “Сониндумаа” ном болгон хэвлүүлсэн билээ. Энэ ном түүний бичсэн дөч дэх ном бөгөөд нэр нь нь бодит хүнийх ажээ. Тэрбээр өмнө нь жүжгийн зохиолоо ийн нэрлэж байсан нь учиртай. Х.Цэвлээ 1968 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ажлаар явж байгаад нэгэн айлд ороод гарахдаа анх энэ нэрийг олж сонссон байна. Тэгэхэд гэрийн эзэгтэй “Сониндумаа, миний охин аргал оруулаад ир” хэмээн арван настай жаахан охиноо дууджээ. Ингээд сэтгүүлч өөрийн бичсэн жүжгийн зохиолдоо тэр нэрийг өгсөн бөгөөд энэ тухай “Жүжгийнхээ гол дүрийг тодотгоход энэ нэр тохирч байсан. Гол дүр маань сонин хүн гэсэн утгатай юм” гэлээ. Харин сүүлд хэвлүүлсэн номоо үүгээр нэрлэсний учир нь тэр номын гол бүтээл “Сониндумаа” жүжиг учраас тэр аж. Гэхдээ Н.Сониндумаа гуай өөрийнх нь нэр жүжгийн зохиол, номын нэр болсныг өдгөө хүртэл мэдээгүй гэнэ. Монголд ийм нэртэй хүн цорын ганц байдаг бөгөөд Нанзангийн Сониндумаа гуай энэ жил 65 нас хүрч, нутаг усандаа энх тунх амьдарч байна.