images

Никки Минаж


   Дэлхий нийтийг шуугиулж ашиг орлогоороо тэргүүлсэн "Barbie" киноны дууг дуулсан реппер Никки Минаж 1982 оны арванхоёрдугаар сарын 8-нд Тринидад арлын улсад төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Оника Таня Мараж гэдэг. Түүнээс яагаад нэрээ сольсныг нь “The Guardian” сэтгүүлийн сэтгүүлчид 2012 онд асуухад “Хэн нэгэн нь миний нэрийг сольж орхисон” хэмээн хариулсан байна. Улмаар “Анхны гэрээндээ гарын үсэг зурахад миний нэрийг Минаж болгож өөрчлөх хүсэлтэй байна гэсэн. Би түүний саналыг байдгаараа эсэргүүцсэн ч тэр намайг дийлсэн. Би энэ нэрэндээ дургүй” гэжээ. Тэрбээр найз нөхөд, гэр бүлийнхнээрээ Никки Минаж гэж дуудуулахыг хүсдэггүй бөгөөд жинхэнэ нэрээрээ дуудуулахыг илүүд үздэг. Тухайн үед өгсөн ярилцлагадаа “Миний гэр бүлийнхэн, найзууд намайг Никки Минаж гэж дуудахад би дургүй учраас дөрвөн жилийн өмнө намайг хэн гэж дууддаг байсан тэр нэрээрээ одоо намайг дууд гэсэн дүрэм баримталдаг. Би тэдэнтэй хамт байхдаа Никки Минаж биш” гэж байв. Жүжигчин, хамгийн хурдан үглэдэг реппер гэдгээрээ алдартай тэрбээр таван настайдаа Нью-Йоркт ирж, 12 настайдаа анхны реп дууныхаа үгийг бичсэн бөгөөд 2007 онд дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьсан даруйдаа алдартай болсон билээ.