images

“Ижийнхээ ачийг яалаа даа”


   Монгол улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайван 1989 онд “Залуучуудын үнэн” сонин дээрээс яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Ижийнхээ ачийг яалаа даа” хэмээх шүлгийг олж үзээд ая хийхээр шийджээ. Гурван бадаг бүхий тэрхүү шүлэг нь А.Энхтайваны сэтгэлийг хөдөлгөснөөр дэвтрийн гол цаас урж аваад харандаагаар шугамдаж нотоо тэмдэглэн улмаар төгөлдөр хуурын хэсгийг нь бичсэн байна. Ингэж "Ижийнхээ ачийг яалаа даа” дууны хөгжим бүтжээ. Улмаар тэр оны намар одоогийн Дуурийн театр улирлын нээлтээ хийхээр болж, “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор бэлдэж байжээ. Тус тоглолтод Нансалмаагийн дүрд Ардын жүжигчин Х.Уртнасан хуваарилагдсан байна. Тэгээд түүнд хийсэн дуугаа сонирхуултал “Сайхан болж. Эгч нь аваад дуулчихъя” гэжээ. А.Энхтайван 1989 оны “Алтан намар” хөгжмийн наадамд энэ дуугаараа оролцож хоёрдугаар байр эзэлсэн юм.