images

“Манай адуу”


   Энэ дууны шүлгийг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, яруу найрагч Л.Төмөрбат бичжээ. Тэрбээр нэгэн удаа их шуурганаар саран дэвсгэртэй хас тамгатай арван хэдэн тооны адуугаа алдаж. Харамсаж, халагласан уяачийн сэтгэлээс нэгэн шүлэг бичжээ. Тэгээд залуу хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнд “Гүйгүүл морин” хэмээх шүлэгтэйгээ хамт өгчээ. Нэгийг нь дуучин А.Хосбаяр авч, ая зохиогч Б.Бат-Эрдэнэд дамжуулан өгснөөр дуу болгосон байна. Харин “Манай адуу” дуучин А.Мөнхбатыг дуулах хүртэл хоёр ч эзэнд очоод буцсан гэх. Ая зохиогч Б.Пүрэвсүрэн “Манай адуу”-г дуучин Батбаярт санал болгосонд дуулалгүй удаагаад байжээ. Тэгэхээр нь дуучин Д.Намсрайноровт сонсгож үзүүлтэл шүлгийг нь үзээд “Саран дэвсгэртэй хас тамга манай адууны тамга биш байна, би дуулахгүй” гэв. Ингэснээр үг, ая нь яв цав нийлсэн энэ дуу дуучин А.Мөнхбатад иржээ. Дуучин А.Мөнхбат Сүхбаатар аймгийн Онгон сумынх. Багаасаа морь малтай ойр өссөн тэрбээр энэ дууныхаа нэрээр цомог гаргасан билээ.  

Эх сурвалж: “Ган зам” сонин