images

“The Hu” хамтлагийн “Оддын дайн”-д зориулж бичсэн дуу


   Монголын “The Hu” хамтлаг анх удаагаа “Star Wars Jedi Fallen Order” нэртэй шинэ цуврал тоглоомд зориулан “Sugaan Essena” буюу “Хар аянга” дууг бүтээсэн билээ. Энэ дууг АНУ-ын видео тоглоом хөгжүүлэгч “Respawn” компанитай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 15-нд гаргасан юм. “The Hu” хамтлаг энэ видео тоглоомын үндсэн аяыг зохиохоос гадна “Оддын дайн”-ы зохиомол хэлээр дууны үгийг нь бичжээ. “Respawn”-ий дууны найруулагч Ник Лавьерс “Бид “Star Wars Jedi: Fallen Order”-ын гол дүр Кал Кестист тохирох хамтлаг олохын тулд янз бүрийн уран бүтээлчидтэй ажиллаж, эрэл хайгуул хийсэн. Хамтлаг хайх үеэр бид “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дууг сонссоноор энэ гайхалтай санаа төрсөн юм” гэжээ. Харин “The Hu” хамтлагийн гоцлол дуучин Ц.Галбадрах МОНЦАМЭ агентлагт ярихдаа “Оддын дайнтай холбоотой бүх зүйл туйлын өвөрмөц. Бид баяртай хүлээж авсан. Мөн тус видео тоглоомонд зориулан өвөрмөц хэл зохиох шаардлагатай болсон учир утгыг нь өөрсдөө сайтар ойлгох үүднээс эхлээд монгол хэлээр бичсэн. Дараа нь Европ, АНУ-д хийсэн аялал тоглолтдоо дуугаа амьдаар дуулсан юм. Тоглоомын зохион бүтээгчид энэ дуун дээр дэлхийн хэлийг хэрэглэж болохгүй гэдэг заавар өгсөн. Тиймээс бид тэнгэр, түүний хүчний тухай, мөн энэ хүч “Оддын дайн”-ы хүчтэй хэрхэн холбогдож байгааг бодолцож үгээ бичсэн” хэмээн ярьжээ.