images

Галтмаа


   МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Ц.Галтмаа нэрийнхээ талаар манай сайтад ийн ярилаа.

   Би дөрвөн хүүхэдтэй айлын гурав дахь нь, дээрээ хоёр ахтай. Нэрийг нь Ц.Галбадрах, Ц.Галмандах гэдэг. Манай өвөө нэрийг нь өгсөн юм билээ. Мөн хоёул лхагва гарагт төржээ. Би ч мөн ах нарын адил лхагва гарагт төрсөн учраас ээж хүүхдүүдийнхээ нэрийн нэг үгийг нь ижил байлгая гэж бодож. Гэтэл өвөө “Майцэцэг гэдэг нэр өгнө” гэхэд нь ээж дургүйлхэж “Охин минь галтай цогтой яваасай, амьдрал нь өөдрөг цоглог байгаасай” гэж энэ нэрийг өгсөн. Хүмүүс миний нэрийг анх сонсуутаа “Өвөрмөц сонин юм” гэх атлаа Галдмаа гэж андуурдаг. Галдмаа гэж Галдан бошготын үед Дөрвөн ойрадыг нэгтгэн удирдаж явсан баатар юм билээ. Галтмаа, Галдмаа гэдэг нэрийг монгол бичгээр бичихэд ижил болох ч утга нь ондоо. Миний нэр монгол, төвөд үгээс бүтэх бөгөөд утга нь галын эх болдог. Мөн ээж минь хүний нэр богино байх тусмаа бүтэн нэрээрээ дуудуулж, бүтэн заяатай явдаг гэж үздэг. Түүгээр ч болсон уу гэлтэй надад ямар ч хоч, богино нэр байхгүй. Ээжийнхээ ачаар бүтэн нэрээрээ дуудуулж, амьдрал минь өөдрөг сайн явна гэж боддог юм. Монголд надтай ижил нэртэй 46 хүн байдаг юм билээ. Би найзынхаа багын найз Галдмаа гэдэг охинтой таарч байсан. Ижил нэртэй, зан араншин тэс ондоо хүнтэй таарах сонирхолтой байсан шүү.