images

“Хүж дэлхий амгалан байг”


   Хөгжмийн зохиолч Д.Алтантуул анхны уран бүтээлээ гаргахаар нэгэн шүлэгт ая хийхээр зэхэж байжээ. Түүнийг нь яруу найрагч Л.Дагвадорж сонсоод “Миний дүү анхны уран бүтээлээ ийм юмаар хийгээд дэмий. Ахад нь нэг шүлэг бий” гэж хэлжээ. Тэгээд Д.Алтантуулд "Хүж дэлхий амгалан байг" хэмээх шүлгээ өгснөөр энэ дуу бүтсэн түүхтэй. Энэ цагаас хойш хоёр уран бүтээлч хамтарч "Эмч хүн жаргалын ээж", "Ухаа хонгор морь", "Ухаантай ээж", "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу" зэрэг дуунуудыг бүтээх эхлэл тавигдсан байна. Мөн нэг өдөр Л.Дагвадорж гуай ирж "Ухаа хонгор морь" нэртэй шүлгээ өгөөд "Нансалмаа дуулах юм. За хө, сайхан ергүүлээд байгаарай” гэж хэлээд явчихжээ. Тэгэхээр нь давхих, хатирах, шогшуулах, цогиулах гэдэг үгийг бодон Нансалмаа дуучны хэв маягт тохируулан ая хийжээ. Түүнийг нь сонссон Л.Дагвадорж ихэд таалж "Ээ дээ, энэ чинь л ергүүлж байгаа хэрэг юм шүү дээ" гэсэн гэдэг.