images

"Бүүвэйл хорвоо"


   1980-аад оны уран бүтээлчид нам, засгийн хатуу дэг дор дуу шүлгээ туурвиж, шинэ уран бүтээлүүдээ Зохиолчдын эвлэлийн хороогоор хатуу шүүлтээр оруулдаг байжээ. Тухайн үед “Бүүвэйл хорвоо” гэдэг шүлгийг дуу болгох гэтэл нэрийг нь сонссон хорооныхон “Бүх нийтийг унтуулах дуу” хэмээн олон нийтэд цацахаас татгалзаж байв. Ардын жүжигчин Б.Зангад энэхүү дууны шүлгийг бичсэн Л.Дагвадоржийн талаар дурсахдаа "Бид хоёр нэг нутгийн хүмүүс. Мөнх цаст их уулс, Ховд гол, Буянт голын бэлчирт хамт тоглож өссөн. Тиймээс надад энэ дууг дуулах хувь тохиосон нь нутгийн уул усны энерги байх” гэжээ. Нээрээ ч тэр үеийн уран бүтээлчдээс Л.Дагвадоржтой хамтарч уран бүтээл хийгээгүй хүн цөөн байжээ. Харин нутаг усныхаа энергийг шингээн байж бүтээсэн дууныхаа тухай найрагч хожим хуучлахдаа "Би хайрла гэдэг үгийг бүүвэйл гэж бичсэн. Бүүвэйл хорвоо, бүүвэйл гээд биччихсэн чинь бүх дэлхийг унтуулах дуу байна гээд хаачихсан” гэжээ. Түүнээс нэлээд хугацааны дараа нэгэн танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн болж АЖ Б.Зангад хүүхдүүдэд зааж өгснөөр нийтэд түгсэн гэдэг. Харин Б.Зангадын дараа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт дуучин Г.Түмэндэмбэрэл дөрвөн ятгын хоршлоор дуулснаар олны талархлыг хүлээсэн юм.