images

“Амьдрал хайр дээр тогтдог”


   Гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуягийн анх дуулж олонд хүргэсэн энэ дууны шүлгийг дуучин С.Цэрэнчимэд сонины тасархай дээрээс олжээ. Тэгээд ая хийж хадгалаад, ойр тойрныхондоо сонсгодог байж. Тэгтэл нэг удаа тээвэрчдийн байгууллагын 60 жилийн ойд оролцож явахдаа Хэнтийн дуучин Цамбалхүндэвтэй танилцсан байна. Түүнтэй уран бүтээлийн сонин, яриа хөөрөө нийлж байсан учир өөрийн хэдэн дуунаасаа сонирхуулж, дуулж өгөв. Тэр дундаас Цамбалхүндэвт “Амьдрал хайр дээр тогтдог” таалагдсанаар цээжилж авчээ. Тэгээд шинэ танил хоёр нөхрийн нэг нь хотдоо, нөгөө нь Хэнтийдээ буцав. Цамбалхүндэв ирээд дуучин Н.Төмөрхуягт хандаж “С.Цэрэнчимэд гэдэг хүнтэй танилцлаа, ийм дуу зохиосон байна” гээд амандаа аялж сонсгосонд Н.Төмөрхуяг ихэд таалж “Амьдрал хайр дээр тогтдог” дууг эзнээс нь зөвшөөрөл авч анх дуулсан байна. Дуугаа 1987 оны хавар Монголын радиод нууцаар бичүүлсэн ажээ. Тухайн үед Н.Төмөрхуягийг аймаг орон нутгийнхаа дарга даамлуудад эсэргүү үг хэлсний улмаас аймгийн чуулгын тайзан дээр дуулахыг хориглосон байв. Тиймээс ч Монголын радиод дуу бичүүлнэ гэдэг амаргүй байсан тухайгаа хожим дурссан байдаг. Дуучин Н.Төмөрхуяг 1977-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан 1982 он хүртэл Ардын армид алба хаажээ. Улмаар 1983-1990 онд “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ. Түүний анхны дууг багш Хаянхярваа нь Монголын радиогийн алтан фондод бичүүлж өгсөн түүхтэй.