images

“Нарт тэнгэрийн дор”


   Төрийн шагналт З.Хангалын хөгжим, Ж.Ёндонсамбуугийн шүлэг “Нарт тэнгэрийн дор” дууг эстрадын дуучин Х.Төмөр амилуулсан билээ. Монголын радиогийн “Дуун увдис” нэвтрүүлэгт энэ дууны талаар хөгжим судлаач үеийн нөхөр нь “Төмөр анх удаа тайзан дээр гарч ирээд дуулахад шууд хүнд хүрдэг байсан. Энэ дуу ч өөрөө цоглог ритмтэй, хөнгөн аятай учир тухайн үеийн нийгмийнхээ гэрэл гэгээ нь болж байсан” хэмээн дурсжээ. Х.Төмөр нь З.Хангалын "Нарт тэнгэрийн дор" дуунаас гадна Барилгачдын соёлын ордонд хөгжимчин байхдаа зохиосон "Сарнай цэцэг" дуунаас эхлээд "Аяны шувуу", "Хайрын хишиг", "Шинэ оны уянга" дуунуудыг 1968 онд 20 насандаа радиогийн цэнхэр долгионоор сонсогч түмэндээ хүргэж байжээ. Харин дууны шүлгийг зохиосон Ж.Ёндонсамбуу нь одоогийн Монголын хөрөнгийн бирж буюу тэр үеийн Элдэв-Очирын нэрэмжит кино театрт ажилладаг үг дуу цөөнтэй уран бүтээл арвинтай найруулагч байжээ. Өөрт оногдсон ажлаа хийгээд үлдсэн бүх хугацаагаа шүлэг яруу найрагт зориулдаг байсан гэнэ. Түүнчлэн тухайн үеийнхээ хөгжмийн зохиолчидтой, ялангуяа З.Хангалын дүү З.Зундарьтай нөхөрлөж, олон сайхан дуу хийж үлдээсэн байна.