images

“Үртэй хүн жаргалтай”


   Л.Батаагийн хөгжим, Ш.Цогтын шүлэг “Үртэй хүн жаргалтай” дуу 1972 онд бүтжээ. Энэ дууг Монголын эстрадын анхны дуучдын нэг Л.Оюунчимэг олны хүртээл болгон Монголын радиод бичүүлж байжээ. Улмаар ЗХУ-ын “Мелодия” фирмийн 1974 онд гарсан пянзанд хэвлүүлэн, 1978 онд “Учралын уянга” телекино концертод дуулж байв. Дуучин Л.Оюунчимэг 1993 онд СТӨ-нд болсон тоглолт дээрээ “Одоогоос 21 жилийн өмнө намайг анхныхаа хүүхдийг төрүүлэхэд “Баянмонгол” чуулгын хамт олон минь надад энэ дууг зориулан бичиж, бэлэг болгон өгч байсан юм” гэжээ. Л.Оюунчимэг нь хамт олноосоо хэдэн насаар эгч, тусархуу, халамжтай байсан учир түүнийг “Баянмонгол”-ын ээж” гэдэг байжээ. Түүнчлэн энэ дуу дуучин бүсгүйн "Цэцэгт нугын эрвээхэй" цомогт багтсан юм. Харин түүнтэй хамт ажиллаж байсан ая зохиогч, хөгжимчин Л.Батаа "Нэг удаа надад яруу найрагч Ш.Цогт "Ийм нэг шүлэг байгаа юм. Дуу болгочихмоор байна. Ая хийгээд үзэх үү?" гэж хандаж байсан" хэмээжээ. Түүнээс хойш төд удалгүй аяыг нь ч зохиож, хүн бүрийн сэтгэлд нийцсэн дуу болжээ. Монголын радиогийн уран бүтээлчид дуу төрсөн тухай нэвтрүүлэг бэлтгэж 2020 оны 12 дугаар сарын 17-нд сонсогчдод хүргэж байв. Улмаар 2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Үртэй хүн жаргалтай” бүх оддын нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд болж улмаар жил бүр болдог уламжлалт тоглолтуудын нэг болсон байна.